Эрдэмтэн, судлаачид “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийг Чин гүрнээс өмнөх үеийн буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн 17 дугаар зууны Монголын хосгүй бүтээлд тооцдог. Монгол үндэсний их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн Цогт хун тайжийн олноо Дуутын хар чулууны бичээс хэмээн алдаршсан энэхүү соёлын биет өв өдгөө Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт оршдог бөгөөд Лигдэн хутагт хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг харуулсан түүхэн бүтээл юм.
2021 онд Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо Үндэсний номын санд хуралдах үеэр “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” өвийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Улмаар Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор "Халхын Цогт хунтайжийн хадны бичээс" өв багтсан.
Энэхүү Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн батламжийг гардуулах ёслол, хэлэлцүүлэг маргааш Чингис хаан үндэсний музейн 6 давхарт болно. Өвгө дээдсийн бидэнд үлдээсэн соёлын өвүүдийг хайрлан хамгаалж, судлан шинжилж, ирээдүй хойч үедээ сурталчлан мэдүүлэх зайлшгүй шаардлага өнөө цагт тулгарч байна.