Дорнод аймгийн төв Хэрлэн суманд хоёр хүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг уржигдар гарчээ. Дорнод аймгийн Цагдаагийн газрынхантай холбогдоход “Хоёр хүний амь нас хохирсон хэрэг гарсан. Мөрдөн байцаалт явагдаж байна. Одоогоор сэжигтэй этгээдийг тогтоогоогүй” гэв. Прокурорынхон ч хэргийг шалгаж байна гэхээс илүү тодорхой зүйл хэлсэнгүй.
Орон нутгийн иргэдтэй холбогдоход “Энэ сарын 24-ний 04.10 цагт Долмачойлин хийдийн хашаан доторх ТҮЦ шатсан юм билээ. Онцгой байдлын албаныхан галыг унтрааж үзлэг хийхэд дотроос нь амиа алдсан хүний цогцос олдсон гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч хэргийн газрын үзлэг хийж дуусаж байтал 07.00 цагийн үед Хэрлэн сумын IX багийн нутагт орших наймдугаар байрны дэргэд 30 орчим насны эрэгтэй амиа алдсан гэсэн дуудлага ирсэн байгаа юм. Амиа алдсан хүмүүс оршин суух тодорхой хаяггүй байсан” гэв.
Цагдаагийн байгууллагын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач хоёр хүн нэг этгээд юм уу, нэгэн бүлэглэлийн халдлагын улмаас амиа алдсан нь тогтоогдсон. Цогцост хийсэн шинжилгээгээр тэд хутгалуулж амиа алдсан болох нь батлагдсан гэнэ. Гэмт этгээд үйлдсэн хэргээ нуун далдлахын тулд хийдийн хашаан доторх ТҮЦ-ийг шатаасан байж болзошгүй гэж Цагдаагийнхан үзэж байгаа аж.
Г.ОРЧЛОН