Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрийг тохиолдуулан “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг өчигдөр Үндэсний номын санд нээлээ. Тус үзэсгэлэнг монголч судлаачдын “Эрдмийн хэлхээ” нийгэмлэг, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Манж Чин улсын 200 гаруй жилийн дарлалыг зогсоож, Монголынхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн зургийг үзэсгэлэнд дэлгэн, олон нийтэд үзүүлж байгаа аж. Түүнчлэн Богд хаан болон шашин, төрийн зүтгэлтнүүдийн түүхэн гэрэл зургийг сонирхууллаа. Тухайлбал, Дилов хутаг Б.Жамсранжавын хөргийг ч олон нийтэд танилцуулав. Тэрбээр Хатанбаатар Магсаржав, Догсомын Бодоо нартай Орос улсаас тусламж гуйхаар яваад, албан бичиггүй хэмээх шалтгаанаар Хиагтын хилээс буцаж байсан ажээ.
Үзэсгэлэнгийн үзмэрүүдийг “Төр”, “Шашин” гэсэн жигүүрт хуваан байршуулжээ. Тухайлбал, “Төр” жигүүрт Богд хааны засаглалын үеийн Монгол Улсын хууль зүйн бичгийн гарал үүслийн тайлбарын эх хувилбарыг дэлгэсэн байна. Богд хааны хэрэглэж байсан судар бичиг, гаргасан шийдвэр зэрэг баримтыг ч толилуулжээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Олноо өргөгдсөн Монгол Улсын түүхэнд холбогдох тулгар сурвалж бичиг, ном, судрыг дэлгэсэн эл үзэсгэлэн ирэх оны хоёрдугаар сарын 23 хүртэл олны хүртээл болох юм.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн