Монголд авлига, хээл хахууль нэлээд эртнээс газар авсныг дуундаа ч гайхуулж, дуулсаар ирж. Тухайлбал, монгол ардын дуу “Хулсан шарга”-д
...Хувьдаа байсан тав, арван төгрөгөө
Хуульч Сандагт атгуулж явлаа хө ...
...Зээлээр авсан тав, арван төгрөгөө
Зэрэг нэмэхээр атгуулж явлаа хө хэмээн хээл хахуулиар албан тушаал ахиж байсан тухайгаа гайхуулан дуулж байв. Хуульч Сандаг XVIII зууны сүүлч, XIX зууны эхээр амьдарч асан гэдгээр нь баримжаалбал Манжийн дарлалын үед манай ноёд зэрэг нэмэхийн тулд эрх мэдэлтэнд хахууль өгч байсан нь энэхүү дуунд үлдэж. Тэр үеийн ноёд, баячууд чулуун жинсний төлөө маш их хэмжээний хээл хахууль өгч байсан тухай ном зохиол, уран сайхны кинонд ч үлдсэн.
Тэгвэл өдгөө ч хээл хахууль, авлига Монголын нийгэмд амь бөхтэй оршсоор байна. Үүний уршгаар бид газар нутгаа ч алдах эрсдэлтэй болж, зорчих эрхээ ч боомилуулан, байгалийн баялгийнхаа үр өгөөжийг ч тэгш хүртэж чадахгүй, өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч буй билээ. Хууль сахиулах, хянах байгууллага нь албан тушаалаа урвуулагч, хахууль халааслагчдын хэргийг илрүүлэн шалгаж, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад шилжүүлсээр байгаа.
Гэтэл төрийн аль ч шатанд бугшсан авлигач албан тушаалтнуудын хэргийг шүүх шударгаар, шуурхай шийдэж чадахгүй байна гэж ард түмэн дүгнэсэн хэвээр. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр ард түмний хүлээж, шаардсан хэмжээнд хүрэхгүй, авлигачдын толгойг илсээр. Энэ бүхэн мэдээж Эрүүгийн хуультай холбоотойгоос гадна танил тал, ар, өврийн хаалганы нөлөө ч байдаг гэхэд хилсдэхгүй. Хууль, шүүхийн байгууллагынхан бие биенээ мэддэг, нэг сургуульд сурч байсан, орон нутагт ажиллахдаа нэгнээ таньж мэддэг болсон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж авлигын хэрэгт холбогдсон танилдаа шүүгч шударгаар ял шийтгэл ногдуулж чадахгүй байна гэж хардах хүн олон. Тийм ч учраас авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах шаардлагатай хэмээн Засгийн газраас хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэхээр болоод буй билээ. Авлигын дагнасан шүүх байгуулж, орон нутагтаа, эсвэл танилын хүрээгээрээ шийдэж, хариуцлага ногдуулалгүй “бултуулж” байгаа хэргүүдийг шийдвэрлүүлэхгүй бол нийгэмд шударга ёс тогтохгүй нь гэж үзэх хүн ч цөөнгүй. Танилын нүүр халуун гэгчээр нэг дор шахам ажиллаж байсан албан тушаалтнуудынхаа холбогдсон хэргийг шийдвэрлэхгүй, үл ялих шалтгаар шүүхээс буцааж буй тохиолдол нэг бус. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоосон шүүгчийн өдүүлсэн хэргийг ч Дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй ойр дотно найз нөхөд гэдгээр нь хяналтын шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг олон хуульч “Шүүхэд “Сонгины” гэх фракц хүчтэй байгаа учраас ийнхүү шийдвэрлэсэн. Тэр хүн нь давж заалдах шатны шүүхэд нэрээ дэвшүүлээд яваад байгаа нь гайхалтай” хэмээн ярьдаг юм.
Хуульчдын холбогдсон хэргүүдийг шүүх шийдэхгүй байгаа нэг бус тохиолдлыг энд өгүүлье.
ЦАГДАА, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ДАРГА НАРЫН ХЭРГИЙГ ЯАГААД БУЦААСНАА ТАЙЛБАРЛААГҮЙ НЬ ХАЧИРХАЛТАЙ
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, өдгөө тус аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, өмнө нь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга асан, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга нарт холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн аравдугаар сард шилжүүлсэн тухай бид мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй зарим яллагдагчийг цагдан хорих захирамж гаргасан ч төдөлгүй шүүгч нар суллачихсан юм. Орон нутгийнхаа хууль хяналтын байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан энэ хүмүүс улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг Засаг дарга асан Ш.Оргилын найз Г.Баттулгын “Эко петролиум” ХХК-д давуу байдал олгон худалдсан хэрэгт холбогдсон билээ. Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү нар ажилтнуудынхаа хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийн дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, дээрх компанийг тендерт шалгаруулсныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тогтоосон юм. Тус компани нь байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бөгөөд Ш.Оргилын дэмжлэгээр ийнхүү дэрвэгэр жиргэрүү худалдан борлуулах тендерт ялснаар орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдсан билээ.
Эл хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх захирамж гаргажээ. Уг нь бүх зүйл нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон эл хэргийг шүүх буцаасан үндэслэлээ хурлын дараа оролцогчдод тодорхой тайлбарлаагүй нь хачирхалтай. Үүнийгээ захирамждаа тодорхой дурдана хэмээн хурал даргалагч, ерөнхий шүүгч нь хэлсэн аж.
Цагдаа, шүүх, прокурорууд тухайн орон нутагтаа хуулийн байгууллагынхан гэдэг статустай, хоорондоо уралдаан, тэмцээн зохион байгуулах зэргээр бие биенээ таньж мэддэг болсон байдаг. Тиймдээ ч нэг нутгийн хуульчид нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан гэм буруутай, эсэхээ дэнслүүлэхээр орж ирэхэд танилын нүүр халуун байдаг биз. Дархан-Уул аймгийн цагдаа, прокурорын байгууллагын удирдлага, Засаг дарга асныхаа хамт шүүгдэгчийн ширээнд суусныг шүүгч цагаатгачихсан тохиолдол бий. Улсын яллагч нь эсэргүүцэл бичин, давж заалдах шатны шүүхэд хандаад буй бөгөөд ерөнхий шүүгч нь шүүгдэгч нартай танил нөхөд учраас прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь юу л бол гэж эргэлзэх хүн цөөнгүй.
ХАХУУЛЬД ӨГСӨН МӨНГӨ, ЭЗЭН НЬ ТОДОРХОЙ ҮЙЛДЛИЙГ ӨӨР ЯМАР БАРИМТААР НОТЛУУЛАХ ГЭСЭН ЮМ БОЛ
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгчөөр ажиллаж байсан Л.Энхбат нарт холбогдох хэргийг тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай хэмээн буцаах захирамж гаргалаа. Уг хоёр яллагдагч дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б-д 2022 оны есдүгээр сарын 8-нд 10 000 ам.долларын хахууль өгөхийг завдсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, С.Амардэлгэр, Л.Энхбат нар аж ахуйн нэгж хоорондын маргааныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Б” гэх компанийнханд ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор шүүгчид дээрх хэмжээний мөнгийг өгөхийг завдсан байдаг. Шүүгч Б хээл хахуулийн уг хэргийг сайн дураараа илчилж, АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэн, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгсөн юм.
С.Амардэлгэрийн хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2016 оноос ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан нэгэн. Сүүлд Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Дараа нь 2022 оны тавдугаар сард нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж ч байсан билээ.
НПГ-аас шүүгч асан, өмгөөлөгч нарт Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүх хэлэлцээд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн аж. Хахууль өгөхийг завдсан хоёр хүн нь тодорхой, мөнгө нь хураагдсан, авсан шүүгч нь сайн дураараа холбогдох хуулийн байгууллагад мэдэгдсэн эл хэргийн чухам юуг нь нотлуулах гэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр болсон юм бол доо. Магадгүй олон нийтийн анхаарлаас гаргаад хариуцлагаас чөлөөлөх гэсэн оролдлого гэж хардах хүн нэг бус байна.
БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН 17 ШҮҮГЧИЙН НЭГИЙНХ НЬ ХЭРГИЙГ ОДОО БОЛТОЛ ШИЙДВЭРЛЭСЭНГҮЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургаадугаар сард зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Улмаар хууль сахиулах байгууллагад тэдгээр шүүгчийг шалгаж, заримынх нь гэм буруутай, эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн билээ. Тодруулбал, “Салхитын мөнгөний орд”-ын гэх хэрэгт холбогдож, хээл хахууль авсан гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бол цагаадсан нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг сэргээж ажилд нь томилуулсан.
Гэтэл тэдгээр шүүгчээс С.Амардэлгэр, П.Туяат нар эргэж ажилдаа ороогүй юм. С.Амардэлгэр нь өөр хэрэгт холбогдсон талаар дээр дурдсан. Тэгвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяатын бүрэн эрхийг сэргээлгүй хууль, хяналтын байгууллагад олон жил шалгуулав. Тэрбээр Р.Аззаяа, н.Нарантуяа тэргүүтэй хэд хэдэн хүнд холбогдох хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа юм. Тодруулбал, цагдаа, прокурор, шүүхийнхэнд хахууль өгч, эрүүгийн хэргээсээ “мултрах” гэсэн нэгний ашиг сонирхолд үйлчлэн мөнгө авсан үйлдэлд холбогдсон аж. Тэдний дунд хуучнаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын Шуурхай, удирдлага мэдээллийн төвд эрх бүхий албан тушаал хашиж байсан хурандаа цолтой нэгэн, мөн прокурорын байгууллагын албан тушаалтан зэрэг хүнийг холбогдуулан шалгаад шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод буй гэнэ. Бидний авсан мэдээллээр Р.Аззаяа, н.Нарантуяа нар хар тамхины хэрэгт холбогдсон нэг залууд хөнгөн ял шийтгүүлэхийн тулд хахууль өгсөн гэж буруутгагдаж буй юм. Мөн Налайх дахь тоосгоны үйлдвэрийн эзэн хятадуудын хөрөнгийн маргаан, битүүмжилсэн объектуудыг чөлөөлүүлэхийн тулд цагдаагийн дэд хурандаа н.Баянмөнх, прокурор Л.Бадралт нарт хахууль зуучилсан аж.
Тэдэнд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд нэлээд удаж буй. Хэргийн яллагдагч, тэдний өмгөөлөгч нар буруутгаж байгаа хэргийг үндэслэлгүй гэж үзэн дээд шатны прокуроруудад гомдол бичсэнээр хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсныг эх сурвалжууд хэлсэн юм.