Ардын хувьсгалийн дараахан хүрээний биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг саатуулан, орос доктор үзэж эрүүл мэндэд нь онцгой анхаарч эхэлжээ. Гэтэл 20 настай Дулмаа залуухан орос эмчийг тонгорч орхиод хүрээнээс зугтсан тухай амнаас ам дамжин ярьсаар байв. Тухайн үед цагдан сэргийлэх хорооныхон түүний араас эрэл сурал бололгүй ор хижээ. Гэтэл удалгүй хөдөө орон нутагт онц ноцтой гэмт хэрэг гарсан тухай мэдээлэл төвд ирлээ. Айлд буу тулган орсон эмэгтэй өнгөтэй өөдтэй гэсэн бүхнийг нь дээрэмдэн, элдэв дээдээр доромжлон, шилдэг хүлгийг нь унан алга болсон үйлдэл удаа дараа гарчээ. Сайн сураглаад, тандтал өнөөх хүрээнээс зугтсан “Улаан” хочит Дулмаа болох нь тогтоогджээ.
Цагдан сэргийлэх хорооныхон ярилцаад хамгийн шилдэг ажилтан Н.Цогт-Очирт яаралтай илрүүлэх үүрэг өгөөд явуулжээ. Говийн нутгаар дээрэм тонуул хийж буй Дулмаа цагдаагийн ажилтныг мориор очтол олон айл дээрэмдэн бас ч үгүй 30 гаруй залууг эгнээндээ нэгтгээд амжив. Н.Цогт-Очир хоёр ажилтантайгаа Онгийн хийдээр дайрахад “Ээ бурхан минь, тэр шилийн сайн эр чинь 30 гаруй дагуултай, бас их хэмжээний буу зэвсэгтэй явна лээ. Арай гэж амь гарлаа. Хороо цэрэгтэй явна лээ” гэсээр нэгэн мөргөлч угтав. Түүнээс хаашаа явсныг асуухад чиг гаргаж өглөө. Энгийн хувцас өмссөн цагдаагийн ажилтнууд Өлгий хийдэд ирэхэд бас л нөгөөх Дулмаагийн танхай, балмад үйлдлийг ярьсаар угтав. Тус хийд рүү буутай залуустай дайран орсон Дулмаа тэргүүн хамба Чоймболыг суудлаас нь буулгаж хойморт нь залраад лам хуврага нарыг номоо чанга дуугаар уншихыг шаардсан аж. Ном хурал дууссаны дараа лам нарыг өөртөө мөргүүлж, гартаа барьсан буугаараа адис өгчээ. Түүгээр ч зогсохгүй унзад ламыг хажуу өрөө рүү нь дагуулан ороод бэлгийн ажил хийсэн аж.
Тэргүүн хамбын толгойд буу тулган “Ойр хавьд бэл бэнчинтэй ямар айл байгааг хэл. Хэлэхгүй бол буудлаа” гэж. Хамба айсандаа таньж мэдэх бүх айлаа зааж өгчээ. Юу болсон тухайгаа нэгд нэгэнгүй ярьсан лам нар хийдийнхээ гол бурхадаа олж өгөхийг чин сэтгэлээсээ гуйжээ. Хамба лам дээрэмчдэд арав гаруй айл зааж өгсөн болохоор Н.Цогт-Очир аль зүг рүү явахаа хэсэг бодсоны эцэст мөр хөөсөөр баян н.Чүлтэмийнхийг зорилоо. н.Чүлтэмийн эхнэр “Эцэг өвгөдийнхөө үлдээсэн ховор нандин зүйлээ чамд өгч чадахгүй” гээд уурлахад Дулмаа хамт явж байсан залуусаар бүсгүйг занчуулж, хүчирхийлэв. Нүдэн дээр нь эхнэрийг нь доромжилсон эмэгтэйг яаж ч мэдэх хүн байна гэж айсан н.Чүлтэм авдраа уудлан байгаа бүхнээ түүнд өгчээ. Тэрбээр гэрийн эзнийг бас зодож, арваад хонь, адууг нь туугаад явсны хойно цагдаагийнхан очлоо. Тэднийг дахин гэмт хэрэг үйлдэхээс нь өмнө зогсоох ёстойгоо ухамсарласан Н.Цогт-Очир морио юүлээд цааш давхилаа.
Элсэн талд мөр алдсан цагдаагийн ажилтнууд баримжаагүй болж орхив. Гэтэл алсаас нэгэн явган хүн хөтөлгөө тэмээтэй айсуй. Тосож уулзахад “Би хувь тавилантай хүн юм. Саяхан би 30 гаруй дагуултай хувилгаантай таарч ар гэр, үр хүүхдээ даатгалаа. Цастыг зорьж Лхас орохоор яваа гэнэ. XIII Далай ламтай уулзаж монголчуудынхаа хувь заяаг даатгах гэж яваа юм билээ. Хэн болгонтой таарахгүй хувь заяа шүү” хэмээн бэлэгшээн ярив. Н.Цогт-Очир ямар дүр төрхтэй, хэдүүлээ явааг нь асуугаад “Улаан” Дулмаа мөн болохыг мэдэв. “Та ар гэрээ даатгаад юу өгөв” гэтэл “Хэт хутга, гаансаа, хөтөлгөө мориороо өргөл барилаа” гэх нь тэр. “Та тэр хувилгааныхаа эр, эмийг ялгав уу” гэтэл ахимаг насны эр гайхсан харцаар түүнийг хараад “Юу ярина вэ, эр байлгүй яахав” гэв. “Улаан” Дулмаагийн тухай сонссон эр амаа барьж хаашаа явсныг нэг нэгэнгүй зааж өгөв. Түүний явсан зам Бээжин хүрдгийг дуулсан Н.Цогт-Очир морины хурдаар давхин хил давахаас нь өмнө саатуулахаар шамдав.
Хэсэг явсаар олон морьд байсан бололтой мөр олов. Адууны хомоолыг ажиглаад хөдлөөд удаагүйг нь дор нь мэдэв. Шөнө болсон учир морьдоо чөдөрлөж орхиод явган мөр мөшгив. Гэтэл холгүйхэн харагдах хөх толгодын ойролцоо хэсэг хүн байгаа бололтой. Ил гал түлж бужигнаж байгаа харагдав. “Дарга аа, эд нар дэндүү олуулаа юм. Бид дийлэхгүй байх” гэж хоёр ажилтан зүрх алдах нь тэр. “Эд нар бол бусдыг дээрэмдэн, айж мэгдэн зугтаж яваа хулгайч. Харин бид нар түмний төлөө яваа ардын төрийн цагдаа” гэж зандрангуй хэлээд урагш алхав. Хэдэн цаг хүлээж ажиглав. Тэдний гурав нь зайдуухан орхисон бараанаас юм авах гэж буй бололтой ачааны ард нуугдсан тэдэн рүү алхав.
Дээрэмчдийг цагдаагийн ажилтнууд нам цохиж унагаад бууг нь хураажээ. Нэг нь “Амь өршөө, би амь зуухын эрхэнд эмийн зарц болон яваа нэгэн ядарсан анчин” гээд архи ууж ихэнх нь согтсон гэж хэлэв. Н.ЦогтОчир түүнийг үгэнд итгэлгүй өөрөө дөхөж очин байдлыг тандав. Гучаад хүнээс өөрийн ухаантай байгаа нь цөөхөн болохыг мэдсэн тэрбээр буугаа барьсаар шууд очлоо. “Биднийг захирдаг хэн бэ” гэсээр нэгэн эр ухасхийн буугаа шүүрэн авахад нь шууд буу дан унагав. Хамтрагчийг нь буудахыг харсан нэг хэсэг нь айж сандран буугаа газарт шидэхэд Дулмаа “Миний нөхөд хэзээ ч ингэж болохгүй. Эд нарт хэн болохоо үзүүл. Та нар бол баатарлаг эрчүүд” гэснээ буудаж орхив.
Согтуу хүмүүсийг хүлж байсан цагдаагийн ажилтны өвдөгний орчим сум туслаа. Түүнийг харсан гурван эр буугаа шүүрэн авахад Н.Цогт-Очир тэднийг нам бууджээ. “Улаан” Дулмаа орилж бахирсан ч түүнд туслах нэг ч хүн байсангүй. Цагдан сэргийлэх хорооны туршлагтай ажилтан Н.Цогт-Очир ноцтой гэмт хэрэг удаа дараа үйлдсэн Дулмаа болон тэдний хамсаатныг морьтой нь хөтөлсөөр хүрээнд ирсэн аж.
Х.ОЮУНСҮРЭН