Байгууллагуудын шинэ жилийн баяр үргэлжилж буй өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаж буй жолооч нар олон байна. ЗЦГ-аас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг байнга анхааруулж буй ч энэ явдал давтагдсаар байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт хуучнаар “Бамбарууш” кафе буюу “Downtown” ресторонд үйлчлүүлж байсан “Голомт” банкныхны баярыг согтуу жолооч “түйвээв”. Үйл ажиллагаагаа шинээр эхлүүлээд зургаа дахь өдрөө болж байсан тус рестораны байрыг 74-11 УНИ дугаартай цагаан өнгөтэй “Land cruiser prado” маркийн авто машины жолооч дайрчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Улсын төв номын сангийн хажуугийн замаар явж байгаад зүүн гар тийш эргэн тус рестораны төмөр хашаа, бетонон замын хаалтыг дайран байшинд тулжээ. Тэрбээр тус рестораны нэг ажилтныг дайрах шахсан гэнэ. Ресторанаар үйлчлүүлж байсан иргэн “Машинаас хөл дээрээ тогтож чадахгүй шахам болтлоо согтсон эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирсэн. Улмаар эрэгтэй нь “Та нарыг яасан ч яадаг юм бэ. Би “Цагаан бар” хамгаалалтын алба ны захирал Чинбаагийн хүүхэд байна” гэж омогдсон.
Энэ үед ЗЦГ-ынхан ирээд согтуу жолоочийг авч явж журамласан” гэлээ. ЗЦГ-ын ажилтнуудыг согтуу жолоочийг журамласны дараа “Цагаан бар” хамгаалалтын албаны машинтай хүмүүс ирж уг залууг сураглаж иржээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна.