Археологийн хүрээлэн 2023 онд дотоодын болон олон улстай хамтарсан 40 удаагийн хээрийн шинжилгээний ангийг зохион байгуулж, шинжлэх ухааны олон чухал судалгаа, нээлт, арвин баялаг олдвор хэрэглэгдэхүүнийг хуримтлуулжээ. Эдгээрээс чулуун зэвсэгтэн 750 000 жилийн тэртээд оршин амьдарч байсан Цагаан агуйн эртний амьтны аймаг, байгаль орчны судалгаа, хүрлийн үед Увс нуурын бүс нутагт идээшин амьдарч асан Чандмань-Сагилын соёлт эртний нүүдэлчдийн оршуулгын дурсгал, Хүннүгийн Шаньюйн орд өргөө Харганатын дөрвөлжин орчмын шавар эдлэл шатаах зуухны малтлага, Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны нүсэр том оршуулгын дурсгалын судалгаа, Чингис хаан Тэмүжинийг угаасан Хажуу булгийн орчимд нээн илрүүлсэн эртний төмөрлөг боловсруулах зуухууд, Нийслэл орчмын Түргэний балгасын XVI зууны үеийн буддын шашны сүмийн судалгаа зэрэг үр дүнг дурдаж болно.
Хамгийн сонирхол татахуйц нээлтийн чанартай судалгаа бол доктор Н.Эрдэнэ-Очирын удирдсан “Хархул хааны балгас эртний хотын туурийн судалгаа” төслийн 2023 оны малтлага судалгааны үр дүнд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг “Хархул хааны балгас” хэмээх эртний хотын тууриас шинээр нээн илрүүлсэн олон дагуул дуган бүхий суварга хэлбэрийн гоёмсог эртний сүмийн туурь болон түүний орчимд орших гоёмсог ур хийцтэй хаадын орд өргөөний туурь юм. Сүмийн дээврийн нүүр ваарыг насан уртасгагч Аюуш бурхны дүрээр чимсэн бол хааны ордны дээврийн нүүр ваарыг луу дүрслэн чимж ногоон паалангаар тус тус пааланджээ. Урьдчилсан байдлаар сүмийг 36 баганатай, 40 м-ээс багагүй өндөртэй суварга хэлбэртэй байсан хэмээн үзэж байгаа юм. Эл хотын төлөвлөлт нь Монголын Эзэн гүрний нийслэл Хархорум хоттой адил, Буддын сүмийн бүтэц, зохион байгуулалт Өгөдэй хааны зарлигаар эхлүүлсэн Цогт Их сүмтэй хамгийн ойр байгаа зэрэгт үндэслэн Хархул хааны балгасын буддын шашны сүмийг XIII зуунд Өгөдэй хааны үед эхлүүлсэн байх бүрэн боломжтой гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна.
Эх сурвалж: Шинжлэх ухаан, технологийн сан