Гандантэгчэнлин хийдээс Монголбанкны Эрдэнэсийн санд 1983 оны үед шилжүүлсэн түүх соёлын дурсгалт зарим эд зүйлс алдагдсан гэх хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн тухай бид мэдээлсэн. Тэндээс чухам юу алдагдсан бэ гэдгийг тодруулахаар холбогдох хүмүүст хандсан ч “Одоогоор нарийн тодорхой зүйл хэлэх боломжгүй байна” гэхээс өөр зүйл ярихыг хүссэнгүй. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаалт явуулж, дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж буй аж.
Хууль хяналтын байгууллагынхнаас хэргийн явцын талаар лавлахад “Танай сонинд гарснаас илүү мэдээлэл бидэнд алга. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлсэн гэх 300 гаруй төрлийн алт, мөнгөн эдлэлийн данс бүртгэлийг тулгаж үзэж байгаа” гэв. Соёлын өвийн төв, Мэргэжлийн хяналтын байгууллагынхан “Бидэнд тус санд хадгалж буй түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүдийн зарим бүртгэл байдаг. Саяхан хэл ам болон байж шалгаж үзэхэд хууль журмын дагуу хосгүй үнэт бүтээлд тооцогдох зүйлс бүрэн байсан. Бусад эд зүйлсийг нь тооллого хийхээр Гандантэгчэнлин хийдийн удирдлагатай ярилцсан.
Харин БСШУЯ-ныхан жаахан дурамжхан байгаа. Гэхдээ ирэх оны төсөвт Гандантэгчэнлин болон Монголбанкны Эрдэнэсийн санд тооллого бүртгэл хийхээр тусгаж байгаа сурагтай. Монголбанкны Эрдэнэсийн сан бол ямар ч музей банкнаас илүү хамгаалалт сайтай газар. Гэтэл тэндээс эд зүйл алдагдсан, дутсан гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн тухай сонссон. Тэндээс гаднын хүн хулгай хийгээгүй нь ойлгомжтой. Хэрэв эд зүйл алдагдсан нь үнэн бол Эрдэнэсийн сангийнхантай л холбоотой” гэсэн юм.
Гандантэгчэнлин хийдийн түүх соёлын дурсгалт эд зүйлийг 1981 онд Уран зургийн музейн захирлаар ажиллаж байсан хүний удирдлага дор тоолж, бүртгэж байсан аж. Түүнээс өөрөөр дахин нэг ч удаа тооллого хийгээгүй бөгөөд тухайн үеийн бурхан тахил, эд зүйлс нь бүрэн бүтэн эсэх нь тодорхойгүй байгаа гэсэн. Хэдэн жилийн өмнө тус хийдийн зарим лам хувраг бурхан тахилаа хулгайлж худалдах гэж байсныг цагдаагийнхан илрүүлж байсан билээ. Өдгөө хууль хяналтын байгууллагынхан Уран зургийн галерейн захирал агсаны тоолсон данс бүртгэлтэй нь тулгаж эд зүйлийг нь бүртгэж, Эрдэнэсийн сан руу ямар эд зүйлс дутсан гэдгийг тогтоохоор болжээ.