Дорноговь аймгийн Зүүнбаян суманд үйл ажиллагаа явуулдаг “Тон Шин” компанийн жолоочоор ажилладаг манай улсын харьяат хоёр иргэн дэлбэрэлтэд өртөж хүнд гэмтлээ. Энэ золгүй явдал өнгөрсөн долоо хоногийн дундуур гарсан бөгөөд компанийн удирдлагууд хэрэг гарсан даруйд гэмтсэн иргэдийг ӨМӨЗО-ны Хөх хот руу эмчлүүлэхээр явуулсан аж.
Энэ талаар тус аймгийн Цагдаагийн газрын ажилтнаас лавлахад “Энэ явдал нь манай иргэдийн хайхрамжгүй хэнэггүй зантай холбоотой. Гэмтсэн хоёр иргэн “Тон Шин” гэх нефтийн компанид жолоочоор ажилладаг юм билээ. Шатахуун тээвэрлэгч цистернийн ёмкость дахь нефтиэ суллаад дахин ачих гэж байсан гэсэн. Гэтэл цорго (крант) нь царцаад хөдлөхгүй байж. Энэ үед манай иргэд түүнийгээ паяльникаар халааж байгаад гал алдсан байна. Машины торхонд нефтийг дагаж гардаг байгалийн хий хуримтлагдсан байсан бололтой. Гал орсноос хүчтэй дэлбэрэлт болсон. Компанийнхан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг дээд зэргээр сахидаг болохоор гал тархахаас өмнө унтраасан байна лээ” гэв.
Г.ЦОЛМОН