Монгол Улсын Ардын Их Хурлаас Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо БНХАУ-ын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд толилуулав.
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд “Монгол Үндэстний үнэлэмж цогц арга хэмжээний хүрээнд монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг болох морин хуурын эгшигээр дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр ажиллаж буйг онцлон тэмдэглэлээ”.
Тоглолтыг Шанхай хотын төр, засгийн удирдлага, гадаад улсаас тус хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн зэрэг нийт 1100 гаруй гадаадын үзэгч үзэж сонирхов. Морин хуурын чуулгын уран бүтээлчид Монгол аялгуу, Мандухай сэцэн хатан, Уужмын зүүд, Их хааны аравт болон Хятадын алдарт Хос эрвээхэй, Үүрдийн нөхөрлөл зэрэг бүтээлийг үзэгч олонд толилуулав. Түүнчлэн Шанхай хотын симфони оркестрийн үзэсгэлэнгийн танхимд “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнг зохион байгуулжээ.