"Буган чулуун хөшөө болон хүрлийн үеийн дурсгалууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна. Хурлаар Хүрэл зэвсгийн үед Евро азийн тал нутгийн нүүдэлчдийн дайчин баатар эрсээ төлөөлүүлэн босгосон бугын дүрст хөшөөний гарал үүсэл, он цаг, утга санааг тодруулах юм. Мөн хөшөө хийх арга барил, дүр дүрслэл, өнгө будгийн судалгааг нягтлах, шинээр нээн илрүүлсэн дурсгалууд, тэдгээрийн бүртгэн баримтжуулалт, хадгалалт хамгаалалт, буган чулуун хөшөөнд хамаарах булш оршуулга, тахил тайлгын байгууламж зэрэг олон талын судалгааны үр дүнг хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлэгт их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, музей зэрэг байгууллагуудын 11 эрдэмтэн, судлаач илтгэлээ тавьжээ.
Үүнээс гадна энэ өдрүүдэд “Монголын эртний далайн амьдрал - эрдэмтэн, профессор Ч.Минжингийн палеонтологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр” тусгай үзэсгэлэнг нээн толилуулж байна. Тус үзэсгэлэнгээр Палеонтологийн шинжлэх ухаан гэж юу вэ, Геологи, Археологийн шинжлэх ухаантай хэрхэн холбогддог тухай ойлголтуудыг өгөх бөгөөд түүний хэрэглэж байсан дуран гэх мэт 13 эд хэрэглэл, гар бичмэл болох хээрийн хоёр тэмдэглэл, эртний далайн амьтдын 30 гаруй олдвор нийт 45 биет үзмэр болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээлэл бүхий ханын самбар тайлбарыг дэглэж үзэгчдийн хүртээл болголоо.