Монголын аялал жуулчлалын холбооноос “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд жуулчид олноороо зорин очдог урлаг соёлын болон үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилготой аяныг эхлүүлээд байна. Тус холбооныхон үүний хүрээнд аялал жуулчлалын салбарынхнаас үйлчилгээний байгууллагуудтай холбоотой санал асуулгыг авсны үндсэн дээр тухайн газруудад зөвлөмж хүргүүлэх аж. Эхний ээлжид Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгыг авч эхэлжээ.
Улаанбаатар хотод ирсэн жуулчдын 90 орчим хувь нь эл хийдэд зочилдог гэнэ. Гэвч тэр бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж, соёлтой холбоотой цөөнгүй гомдол, шүүмжлэлийг тур оператор компаниудын зүгээс гаргадаг байна. Холбооны гишүүд “Монголын сүсэгтний холбоо” төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзаж, Гандантэгчэнлин хийдийг камержуулах, ариун цэврийн байгууламжийг нь сайжруулах, жуулчинд зориулсан мэдээллийн самбар байршуулах, хөтөч, тайлбарлагчдад зориулсан сургалт зохион байгуулах, “Даншиг” наадам болон шашны зан үйлтэй бусад арга хэмжээний товыг эрт зарлах зэрэг санал тавьж, эдгээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл