Таксины үйлчилгээ эрхэлж буй иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халддаг хэрэг сүүлийн хэдэн жил харьцангуй багассан. Харин өчигдөр үүрээр энэ төрлийн хэрэг нийслэлд гарсныг цагдаагийн Шуурхай удирдлага, мэдээллийн төвд бүртгэжээ.
Өчигдөр 04.00 цагийн үед МУИС-ийн I байрны дэргэдээс “Хонда” маркийн машинд хоёр залуу сууж, “Дунд Дарь-Эх рүү хүргүүлье” гэжээ. Жолооч зорчигчдын заасан газар руу явж, Цагаан давааны хогийн цэг орчимд иртэл хоёр залуу түүнийг сүрдүүлж гарыг нь хүлж, тээшинд хийсэн байна. Тэд хэтэвчинд байсан мөнгө, гар утас зэргийг нь дээрэмдэн, машиныг нь жолоодож зугаалжээ. Нэлээд явсны эцэст машиных нь шатахуун дууссан бололтой, тус дүүргийн VII хорооны гудамжинд орхиод алга болцгоосон аж.
Жолооч тээшээ дотроос нь онгойлгож, болсон явдлыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэнэ. Энэ хэргийн талаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас тодруулахад “Одоогоор эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байна. Хэрэгтнүүд хохирогчийн хэтэвчтинд байсан 26 мянган төгрөг, гар утас, бичиг баримт зэргийг нь авч зугтсан. Тэднийг эрэн сурвалжилж байна” гэв.
Г.РАВЖАА