Монголын тэшүүрийн спортод Э.Мөнх-Эрдэнэ хэмээх нэр тодоос тод сонсогдох болж, дотоод, гадаадын тэмцээнд цахиур хагалж эхэлсэн. Төв аймгийн Эрдэнэ сумаас спортынхоо гарааг эхлүүлсэн тэрбээр өдгөө “Алдар” спорт хороогоор овоглосон тэшүүрчдийн нэг болжээ.Тэрбээр хилийн дээс алхаж, шорт трекийн олон улсын тэмцээнүүдэд үндэсний шигшээ багийнхантай амжилттай оролцож байгаа. Тухайлбал, Унгарт зохион байгуулсан олон улсын тэмцээнд 500 метрийн зайд мөнгө, Болгарт болсон3000 метрийн багийн буухиа уралдаанд хүрэл медаль хүртсэн. Ингэснээр Нидерланд улсад маргааш эхлэх залуучуудын, мөн урд хөршийн Бээжин хотод ирэх сарын 8-10 хүртэл үргэлжлэх насанд хүрэгчдийн “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрх өвөртөлсөн юм. Өнгөрсөн хавар Сингапурт болсон “Тэнгисийн цом” олон улсын шорт трекийн тэмцээнээс 500 метрт хүрэл, 1000, 1500 метрт тус бүр мөнгөн медаль хүртсэн нь түүнд эрч хүч, урам өгчээ. ХБНГУ-ын Росток хотод болсон, Олон улсын тэшүүрийн холбооны “Ханс цом”-ын тэмцээнд оролцож, ОУХМ цолны болзол хангасан түүнийг зочноор урилаа.
-Өвлийн спортын томоохон тэмцээнүүд товлосон хугацаандаа эхлэх нь. Тэшүүрийн шигшээ багийнхныг Германд бэлтгэл хийгээд “Дэлхийн цом”-д өрсөлдөх тухай сонслоо.
-Тийм ээ. Бид Германд бэлтгэлээ базааж байгаа. Энд анх хөл тавихад цагийн зөрүү гарахгүй, эхэндээ амаргүй байлаа. Тэр үеийг бодвол одоо бэлтгэл хийх орчин нөхцөлд нь дасан зохицсон. Тус улсын шигшээ багийн дасгалжуулагчид найрсаг зантай. Бэлтгэлийн үед бидний алдааг олж хараад, харамгүй зөвлөгөө өгдөг юм. Манайхан Нидерланд улсад эхлэх шорт трекийн залуучуудын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Б.Бат-Оргил дасгалжуулагчийн удирдлагад оролцоно. Дараа нь өмнөд хөршийн Бээжинд ирэх сарын эхээр зохион байгуулах насанд хүрэгчдийн “Дэлхийн цом”-д өрсөлдөх юм.
-Бэлтгэл хамт хийх хугацаанд тамирчдынх нь зан чанар, хандлага ямар санагдав?
-Тамирчдынх нь зан чанар, хандлага их таалагдсан. Тэд ямар ч тэмцээнд амжилттай оролцохын тулд өндөр хурдтай бэлтгэл хийдэг. Хэдийгээр өрсөлдөгч ч гэлээ энгийн үед хамт бэлтгэл хийж, мэнд устай байх сайхан санагдсан. Манайхан Унгар, Болгарт болсон олон улсын тэмцээнд тэдэнтэй ч бас өрсөлдсөн шүү дээ. Аль ч улсад болох тэмцээнд хэд хоногийн өмнө очиж, цаг агаар, уур амьсгал, орчинд нь дасаж, нойр, хоол, бэлтгэл, амралтаа зохицуулах нь амжилт гаргахад их нөлөөлдөг.
-Таныг АНУ-ын Лейк-Плэсид хотод өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан дэлхийн оюутны спортын өвлийн ХХХ универсиадад оролцсоноос хойш дасгалжуулагчид гадаадын томоохон тэмцээнүүдэд сойдог болжээ.
-Тэнд болсон дэлхийн оюутны спортын өвлийн ХХХ универсиад миний хувьд хилийн дээс алхсан анхны том тэмцээн байсан. Тиймээс алдаанаасаа суралцаж, олон улсын тамирчдын техник, тактикийн давуу талыг харж, туршлага чамгүй хуримтлуулсан юм. Тэр үед амжилт гаргаагүйдээ сэтгэлээр унасан ч бэлтгэл шаргуу хийсний үр дүнд ур чадвараа ахиулж, Сингапурт өнгөрсөн хавар болсон “Тэнгисийн цом” олон улсын шорт трекийн тэмцээнд 11 орны 120 тамирчинтай өрсөлдөж, 500 метрт хүрэл, 1000, 1500 метрт тус бүр мөнгөн медаль хүртэж байлаа. Тус тэмцээнд БНСУ-ын тамирчин хурд, тактикаар илүүрхэж, эхний байрт шалгарсан юм. Азийн орнуудаас өмнөд хөршийнхөн тэшүүрийн спортыг өндөр хөгжүүлснээр тамирчид нь хүч түрэн өрсөлдөх болсон. Зөвхөн тэшүүр ч гэлтгүй спортын олон төрөлд хошуучилж байна. Тэдний мөстэй харьцах байдал, уралдааны үед гаргах мэдрэмж, ур чадвар, тактик боловсруулалт, техникийг өөрийн болтол гаргууд эзэмшсэн нь бахархал төрүүлдэг. Унгар улс “Бээжин 2022” өвлийн олимпын наадмын шорт трекийн 500 метрт түрүүлсэн аваргатай. Тиймээс тэшүүрчид нь өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд ана мана өрсөлддөг юм.
-БНСУ, Япон тамирчид ч гэсэн амжилтаараа дээгүүр байрт жагсдаг. Тэдэнгүйгээр өвлийн спортын тэмцээнийг төсөөлшгүй шүү дээ.
-БНСУ-ын тамирчдын ур чадвар, багийн нэгдмэл байдал, зорилго, тэмүүлэл нь тэмцээний сүүлийн гурван тойрогт анзаарагддаг. Тэд тийм үедээ хэнийг ч өмнөө оруулахгүй түрүүлнэ гэсэн өндөр итгэлтэй уралддаг юм. Тэмцээнийг тэргүүлээд эхэлсэн бол өмнөхөөсөө илүү хурд гаргаж, төлөвлөснийхөө дагуу тактикаа хэрэгжүүлдэг. Финалын шатанд өрсөлдөөн улам ширүүсэхэд хэн ухаан гаргасан нь түрүүлдэг.
-Та “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Тулгын удирдлагад бэлтгэл хийгээд хэр удаж байна вэ?
-Монголд 2019 онд болсон хүүхдийн өвлийн спортын VI наадмын тэшүүрийн шигшээ тэмцээний500, 1000, 1500 метрт тус бүр түрүүлж, аварга болсон минь амжилтаа урагшлуулах урам өгсөн. Тэр жилийн бүх тэмцээнд өрсөлдөгчдөө гүйцдэг болохын тулд хавар, зун нь “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Тулга, шигшээ багийн тамирчин, ОУХМ Я.Зоригтбаатар ах нарын удирдлагад хурд, хүчний бэлтгэл тасралтгүй хийж, дугуй, роликтой нөхөрлөсний ач тус гарсан.
-Төв аймгийн Эрдэнэ сумаас спортын гараагаа эхлүүлж, тамирчин болсон байхаа?
-Сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагч байхдаа тэшүүрийн дасгалжуулагч Б.Болдбаатар багшийн удирдлагад анх хичээллэж, амжилтынхаа гарааг эхлүүлж байв. Хичээлээ тараад голын мөсөн дээр гулгаж өнждөг болсон тэр үеэс гэрийнхэн минь дэмжсэн. Тэднийхээ тус дэмийн хүчинд амжилт гаргаж явна. Өглөө хичээлдээ гүйж, өдөр нь бэлтгэл хийн, тэмцээнд оролцоход цаг хугацаа хурдан өнгөрдөг сөн. Тухайн үед Улаанбаатар хотын тамирчдаас гадна орон нутгаас ирж оролцсон Булган, Өвөрхангай, Орхон аймгийнхан хамгийн хүчтэй өрсөлдөгч болдог байлаа.
Тэшүүрийн спортод хөл тавьсан жилээ тэмцээнд анх удаа хурд сорьж, 500 метрт хошой хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд догдлоод зогссон минь дурсамж болж үлджээ. Миний хувьд шорт трекийн төрөлд амжилт илүү гаргадаг. Тамирчин болох үеэс зааж зөвлөж ирсэн Б.Болдбаатар багшдаа их баярладаг. Бид одоо ч холбоотой байж, тэмцээний талаар ярилцдаг юм. Түүний удирдлагад хичээллэж, амжилт гаргасан тамирчин олон бий. Багш наадмын өмнөхөн Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн. Тэшүүрийн спортоос төрсөн дөрвөн Гавьяат цолтны нэг нь. Бидэнд “Тамирчин хүн сахилга баттай байж амжилтад хүрдэг юм. Эхлүүлсэн зүйлдээ тууштай байж зорилгоо биелүүлдэг байгаарай” гэж хэлдэг.
-Спортын төрлүүд нэгнийхээ суурь болдог талтай. Дугуйгаар хичээллэх нь тэшүүрээр амжилт гаргахад нөлөөлдөг биз?
-Нөлөөлнө. Дугуй, тэшүүр аль аль нь тэсвэр хатуужлын спорт. Хичээллэхэд хөлийн булчин сайн хөгжүүлдэг. Өсвөр үеийн тамирчин байхдаа дугуйгаар давхар хичээллэж, 2019 онд болсон хүүхдийн зуны спортын VI наадмаас мөнгөн медаль хүртсэн. Монголд “Степпе арена” мөсөн өргөө барьж, мөн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо хоккей, шорт трекийн тэмцээн зохион байгуулах мөсөн талбайтай болсноор тэшүүрийн спортынхон жилийн дөрвөн улиралд бэлтгэл байнга хийх боломж бүрдсэн.
-Аваргыг давж аварга болдог гэдэг үг бий. Монголд өнгөрсөн жил болсон бүх тэмцээнд та шилдгүүдийг ардаа орхиж, түрүүлсэн. Танд 2023 он амжилтаа ахиулж, зорьсноо биелүүлсэн жил байв уу?
-Олон жил хичээллэсэн туршлагатай ах нартай эн тэнцүүхэн өрсөлдөж, түрүүлэхийн тулд би маш их хичээж, өдөр бүр суралцсан. Монголын бүх ард түмний спартакиадын өвлийн тэмцээнд оролцож нэг алт, дөрвөн мөнгө, Хүүхдийн өвлийн спортын VII наадмын тэшүүрийн уралдаанаас гурван алтан медаль гардсан. Тэр үед намайг хурцалж, тууштай хөдөлмөрлүүлсэн өдрүүдээр бахархаж билээ. Би тэшүүрийн шигшээ багийн тамирчдаас Я.Зоригтбаатар ахыг хүндэлж, үлгэр дуурайл авдаг. Түүнтэй 2021 оноос бэлтгэл хамт хийхдээ давуу талаас нь суралцаж, өөрийгөө хөгжүүлсэн. Тэрбээр миний хүчтэй өрсөлдөгч, бас маш сайн зөвлөгч. Гадаадад болсон тэшүүрийн тив, дэлхийн, олон улсын тэмцээнд улсаа төлөөлж оролцсон доо.
-Голын мөс хайлтал гулгадаг байсан хүүгээрээ аав, ээж тань одоо их бахархдаг байх даа.
-Гэрийнхнээсээ спортоор хичээллэдэг нь одоогоор би л байна. Ганцаараа зүтгээд зорилгодоо хүрдэг тамирчин байхгүй. Амжилт гаргахад ойр дотнын хүмүүсийн дэмжлэг маш чухал. Надтай хамт тэшүүрээр хичээллэсэн хүүхдүүдээс нэг нь үлдсэн байна. Тэднийг гэр бүл нь дэмжээгүйн улмаас замын дундаас орхиж, холдсон. Аав, ээж минь намайг дотоод, гадаадын тэмцээнд аль болох оролцуулахыг хичээдэг юм. Миний хувьд шигшээ багийн тамирчин биш тул гадаадын тэмцээнд хувиасаа зардал гаргаж оролцдог. Тэшүүрийн тамирчид өвөл хурдан болоосой гээд цас орохыг хүлээдэг юм шүү дээ. Цар тахлын хөл хорионы үед тэмцээн зохион байгуулаагүй удсан болохоор мөс, бэлтгэл хийдэг нөхдөө их үгүйлсэн. Би гүйлтийн тэшүүрийн өсвөр үеийнхний УАШТ-ээс таван түрүүтэй.
Насанд хүрэгчдийн шорт трекийн УАШТ-ий 500 метрийн уралдаанд тэргүүлж, аварга болсон. Миний шагналын туузан дахь медалиудын ихэнх нь шорт трекийнх байдаг. 2019 оноос хойш оролцсон тэмцээнүүдээс иж бүрэн медальтай болжээ. Монголын тэшүүрийн холбоо тамирчдаа хоол, хүнсээр ханган, “Степпе арена”-д бэлтгэл хийлгэсэн нь гадаадын тэмцээнд амжилт гаргахад багагүй нөлөөлсөн. Амжилт гаргахын хэрээр үүрэг, хариуцлага нэмэгддэг. Миний зорьж буй гол зүйл бол өвлийн спортоос шорт трекийн төрөлд хувьсал хийж, шилдэг нь байхыг хүсдэг. Мөн “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд тасралтгүй оролцох юм.