“Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэнг Монгол цэргийн музейд өчигдөр нээлээ. Тус үзэсгэлэнг Өвөр Монголыг чөлөөлөх дайныг 1913 онд Монголоос эхлүүлсний 110 жилийн ойд зориулжээ. Агуулгын хувьд таван хэсгээс бүрдэнэ. Үүнд үндэсний зэвсэгт хүчнийг байгуулсан, Баруун хязгаарыг чөлөөлж төвшитгөсөн хэсэг багтжээ. Мөн Дарьгангын газар орныг сэргийлэн хамгаалах, таван замын байлдаан, Монгол Улсын тусгаар тогтнол ба Хиагтын гурван улсын гэрээ гэсэн агуулгын хүрээнд дэглэн, үзүүлснээрээ онцлогтой.
Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалж буй монгол цэргийн зохион байгуулалт, гүйцэтгэх үүргийн тухай анхны дүрэм, Цэргийн яамнаас цэргийн дүрэм тогтоох талаар Богд хаанд айлтгах бичиг зэргийг үзэсгэлэнд дэлгэжээ. Мөн Монгол, Хятад, Орос улсын хоорондын Хиагтын гэрээ зэрэг архивын ховор 60 гаруй баримт бичгийн хуулбарыг үзүүллээ. Түүнчлэн Богд хаант Монгол Улсын үеийн Төрийн далбаа, 1870, 1895, 1896 оны загварын буу, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны туг, Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн хаш чулуун тольтой бүс, Хатанбаатар С.Магсаржавын хөрөг зураг зэрэг 70 гаруй биет үзмэр дэглэн, олны хүртээл болголоо. Үзэсгэлэн ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх нь.
Түүхийг эргэн сөхвөл Богд хаант Монгол Улсын Засгийн газраас Өвөр Монгол, Баргын ноёдод хандан, газар нутгаа манж, хятад цэргээс чөлөөлөн, тэмцэлд нэгдэн босохыг уриалжээ. Энэ нь үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг ихэд зоригжуулсан байна. Энэ үеэс Өвөр Монгол, Баргад Монгол Улсад дагаар орох хөдөлгөөн өрнөжээ. 1912-1913 онд Хөлөнбуйр болон Өвөр Монголын 49 хошууны 36 нь хаант Монгол Улстай нэгдэх саналаа илэрхийлсэн ч Дундад иргэн улсын Засгийн газар Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцсэн байна. Улмаар Дундад иргэн улс Өвөр Монголд цэргээ оруулсан тул Монгол Улсын Засгийн газар 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх дайныг явуулсан байдаг. Үүнийг түүхэнд “Таван замын байлдаан” хэмээн нэрлэжээ.
Бэлтгэсэн: А.Үүлэн