Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Т.Билгүүн, Х.Жанаргүл нарыг албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ. Тэд 2022 оны аравдугаар сард ОХУ-аас “Цагааннуур” боомтоор орж ирсэн тээврийн хэрэгслийг шалгалгүй нэвтрүүлж, шалгасан мэтээр бүртгэл хөтөлсөн хэрэгт холбогдсон аж. Уг тээврийн хэрэгсэлд олон тонн хивэг ачсан байсан бөгөөд Х.Жанаргүлийн садан төрлийн хүний эзэмшлийнх байсан гэнэ.
Уг нь тээврийн хэрэгсэлд өөр байцаагч хяналт шалгалт хийх ёстой атал түүнийг эзгүй байсан мэтээр баримт бүрдүүлж, холбогдох программдаа шивсэн нь шалгалтаар тодорхой болжээ. Үүнээс өмнө “Чингис хаан” нисэх буудлын гаалийн газрын байцаагч О.Бат-Орших, Н.Батзориг нар 2022 оны наймдугаар сард Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Б.Чимгээ, Б.Тунгалагтамир нарын авчирсан, 239 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх есөн нэр төрлийн үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй хилээр нэвтрүүлэхэд давуу байдал олгосон гэх хэргийг шалгаж дуусан прокурорын хяналтад шилжүүлээд байгаа юм.