“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсон хүмүүсийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хийхээр товлоод байв. ОХУ-ын эзэмшилд байсан тус үйлдвэрийн 49 хувийг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхээсээ манай Засгийн газар татгалзаж, Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан, “Монголын зэс корпорац” ХХК-д олгосон, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт нэр дурдсан банкны гүйцэтгэх захирал О.Орхон, дээрх корпорацын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, тухайнүеийнАж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарыг яллагдагчаар тооцоод буй билээ.
Мөн тэдэн дээр нэмж Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг яллагдагчаар тооцсон юм. Бас “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, тус компанийн нягтлан бодогч Д.Энхтунгалаг, ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга байсан Д.Эрэвгийлхам, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирдах албан тушаалтнууд болох С.Уранчимэг, Р.Мөнхтуул, менежер Б.Мөнхсоёл, “Бейзмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Энхболдыг шүүхэд шилжүүлсэн. Түүнчлэн “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью Эс Си” ХХК-ийг мөнгө угаасан хэмээн яллах дүгнэлт үйлдээд буй.
Төв аймагт тавьсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатаас гадна ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарын хэргийг нэгтгэн шилжүүлсэн билээ.
Дээр дурдсан 20 хүн, хоёр аж ахуйн нэгжид Эрүүгийн хуулийн 21.1-ийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, 22.1- ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5-ын хахууль авах, 18.6-гийн мөнгө угаах, 20.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 322 хавтас бүхий эл хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр хийж эхлэхэд яллагдагч Э.Шижир дөрвөн өмгөөлөгчөөсөө татгалзсанаа илэрхийлсэн. Мөн зарим өмгөөлөгч хавтаст хэрэгтэй бүрэн гүйцэд танилцах зэрэг хүсэлт гаргасныг харгалзан ирэх сарын 19-ний 09.00 цаг хүртэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа.