Амьтан асрах чиглэлээр 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Сайн санаа амьтдад” төрийн бус байгууллагын “Ub shelter” төв иргэд, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламжийн ачаар муур, нохойнуудаа дааруулахгүй өвөлжүүлэх боломжтой болжээ. 2023-2024 оны өвөл олон жилийн дунджаас хүйтэн байх урьдчилсан мэдээ гарсантай холбогдуулан амьтан асрах төвийнхөн түлш худалдан авахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг олон нийтээс гуйснаар нүүрсний нөөцөө хангалттай хэмжээгээр базаах төсөвтэй болсон байна.
“Ub shelter” төв Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор тус байгууллага чингэлэг, гэр зэрэг зориулалтын бус орчинд амьтдыг байлгаж буй ч ойрын хугацаанд тохилог, стандартад нийцсэн асрах байр барихаар төлөвлөжээ. Өдгөө тус төвд зургаан муур, 104 нохойг асарч, тэжээж байгаа аж. Амьтдын байрладаг зургаан газарт хүйтний улиралд тогтмол галлагаа хийдэг учир түлшинд багагүй мөнгө зарцуулдаг гэнэ. Энэ өвөл 6-8 тонн нүүрс түлэх тооцоо гаргаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн өгсөн хандиваар “Тавантолгой түлш”-ээс сайжруулсан түлшээ авчээ. Нэг тонн “шахмал хар” дунджаар 150 мянган төгрөгийн үнэтэй гэж тооцвол асрах төвийнхөн амьтдад хайртай хүмүүсийн дэмжлэгээр түлшээ 900.000-1.200.000 төгрөгөөр базаажээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл