Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа өчигдөр эдийн засагчидтай хийж, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Энэ оны эхний арван сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болсныг Ерөнхий сайд хэлээд “Төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ. Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан. Энэ нь иргэд, бизнесийнхэнд өгөөжөө өгнө. Үүний тулд оновчтой бодлого баримтлах нь чухал учраас та бүхэнтэй санал солилцож байна” гэв. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, авлига, хулгайтай тэмцэх арга хэмжээ авсны үр дүнд төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ жил ДНБ 5000 ам.долларт хүрсэн. Ирэх онд 6000 ам.долларт хүргэхээр зорьж буй юм. Уулзалтад оролцогчид “Эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд төлөвлөлт маш чухал. Аль салбарыг хэрхэн дэмжих вэ гэдгээ төлөвлөх ёстой. Тодорхой салбарыг хөгжүүлэхдээ бусадтайгаа яаж уялдаж байгааг судлах, халамжийн бодлогыг танаж, хаана амьдарч буйгаас үл хамаарч айл өрх бүр эдийн засгийн өсөлтөөс хүртэх, боловсрол, эрүүл мэндийн салбарыг тэгш хөгжүүлэх ёстой” гэсэн санал хэлэв.
Манай улс 980 гаруй мянган өрхтэйгөөс 400 мянга нь нийслэлд амьдарч буй юм. Энэ оны гуравдугаар улиралд өрхийн орлого 11.7 хувиар өсжээ. Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг бууруулж, тогтвортой болтол мөнгөний хатуу бодлогоо хадгалах шаардлагатайг сануулсан.
Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх онд халамж нэмэгдээгүй. Цаашид ч нэмэхгүй, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Инфляц бол өрхийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хамгийн чухал үзүүлэлт. Цар тахлын үед хэрэгжүүлсэн Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөр түүхэн үүргээ гүйцэтгэсэн, 126 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн. Түүхэнд анх удаа улсын төсвийн орлого давж, төсвөө тодотгосноор айл өрхөд шууд очдог цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн” гэсэн байна.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засагчдынхаа судалгааг сонсдог нэгдсэн платформтой болмоор байна. ЭЗХЯ-ыг институц болгоход та бүхэн оролцоорой. Цогц судалгаа гаргаад ирвэл хамтарч ажиллая. Өрхийн орлого нэмэгдэж буй нь эдийн засгийн өсөлт өгөөжөө өгч эхэлснийг харуулж байна” гэлээ.