Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнуудтай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө. Тус холбооноос “Засгийн газраас өмнөх оны аравдугаар сард дээрх компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилон, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд УИХ-ын 28 дугаар тогтоолоор зургаан сарын хугацаагаар сунгасан.
Өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй Төрийн болон орон нутгийн өмчийн, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилох эрх хэмжээг Засгийн газарт олгосон агуулгатай зохицуулалт байхгүй” гэлээ. Мөн тус компанид томилогдон ажилласан бүрэн эрхт төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн заалтыг ноцтой зөрчин, нэр бүхий хүмүүсийг ажлаас хууль бусаар халсан хэмээсэн юм.
Тодруулбал, дээрх компанийн 800 гаруй ажилтнаас 71-ийг нь халсан бөгөөд ямар нэгэн шалгуур үзүүлэлт харгалзаж үзэлгүй ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг нь боож, эрхээ хамгаалуулахад нь халдсан гэж байлаа. Тэд МҮЭХ-нд гомдол гаргасан аж. Гомдол гаргаж буй нэр бүхий тэдгээр хүнийг бүтэц, зохион байгуулалтаар буюу орон тоо цөөрүүлэх, хасах, зөрчил буюу сахилгын шийтгэл гэсэн үндэслэлээр ажлаас нь халахдаа Хөдөлмөрийн болон бусад хуульд заасны дагуу шийдвэр гаргаагүй гэсэн юм.
Жишээ нь, сахилгын шийтгэл буюу зөрчил гаргасан гэж халсан бөгөөд тухайн зөрчлийг шалгахгүй, гэм бурууг нь тогтоолгүй халж байгаагаас үзэхэд бүрэн эрхт төлөөлөгч дур зоргоороо хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Мөн тэдгээр ажилтны оронд бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноосоо хойш 100 орчим хүн ажилд авсан аж. Ингэхдээ тэдгээр хүн сонгон шалгаруулалтгүй, хөрөнгө орлогын мэдүүлэг өгөөгүй, олонх нь танил тал, найз нөхөд нь гэж үзэх албан бус мэдээлэл ирсэн хэмээн дээрх холбооноос дурдлаа.
Бэлтгэсэн: Б.Сонор