Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд автобусны парк шинэчлэл хийж, БНСУ-ын “Daewoo” компанид үйлдвэрлэсэн гэх их багтаамжийн автобуснууд оруулж ирсэн нь өдгөө “Ногоон автобус”-ны гэх дуулиант хэргийг шалгах үндэс болсон билээ. Энэ хэрэгт холбогдуулж 26 хүнийг яллагдагчаар татсан талаар өчигдөр АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэв. Тэрбээр “Нийтийн тээврийн “Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Уг хэрэгт сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах мөрдөгчийн санал НПГ-т хүргүүлсэн. Прокурор хараахан шийдвэрлээгүй байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгах шаардлагатай болсон учраас саналаа хүргүүлсэн. Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татах санал гаргаагүй, хэрэг бүртгэлтийн хэргийн хүрээнд шалгах ажиллагаа явуулж байна. Эл хэрэгт холбогдуулан 26 хүнийг яллагдагчаар татсан. Тодруулбал, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хуулийн этгээдийн албан тушаалтан мөн дөрвөн хүн бий” гэсэн юм.
“Ногоон автобус”-ны дуулиантай холбоотойгоор “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан автобус нийлүүлэх гэрээг цуцалснаа нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн. Үүнээс улбаалаад Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын автобус компаниудтай танилцан өмнөд хөршид ажилласан байна. Тухайлбал, нийслэлийн нийтийн тээвэрт явж буй өмнөд хөршийн “Жонтонг бус” зэрэг хэд хэдэн компанийн удирдлагатай очиж уулзан шинэ унаа авахаар ярилцсан гэнэ.
АВТОБУС АВАХАД ЗОРИУЛАГДСАН 60 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААЧИВ
Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг нэлээд олон хоногийн өмнөөс НПГ-т хүргүүлсэн юм билээ. Гэвч өнөөг хүртэл прокурорын байгууллагаас ямар нэг шийдвэр гаргаагүй нь олон нийтийн дунд хардлага бий болгов. Чухам яагаад мөрдөгчийн саналыг хүлээж авахгүй байгаа, юуг тодруулах шаардлагатай талаараа прокурорын байгууллагын ажлын хэсгийнхэн мэдээлэл хийх биз ээ.
АТГ-аас мэдээлсэн хуулийн этгээдийн дөрвөн албан тушаалтан нь ногоон автобусыг БНСУ-ын “Daewoo” компаниас авч нийслэлийн нийтийн тээврийн салбарт нийлүүлэх тендерт шалгарсан “Тэнүүн-Огоо” ХХК-ийнхан юм. Тодруулбал, тус компанийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, ерөнхий нягтлан бодогч нар бий. Тэднийг өнгөрсөн аравдугаар сарын 2-ноос хойш цагдан хорьж шалгаж буй билээ. Үүнтэй холбоотойгоор “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дахь автобус баазуудын үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн юм. Мөн банкны дансан дахь их хэмжээний мөнгөний гүйлгээг царцаагаад байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдээлснээр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн дансанд байсан 11 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан аж. Уг нь тус компанид төсвөөс 130 тэрбум төгрөг олгосны 70 тэрбумаар нь ногоон автобуснууд худалдан авч, оруулж ирсэн гэсэн мэдээлэл бий. Үлдсэн 60 тэрбум нь хаашаа, хэний халаасанд орсон нь тодорхойгүй байгаа билээ. Татвар төлөгчдийн ийм их хэмжээний мөнгөнөөс тал шахам нь сураггүй болсон нь яалт ч үгүй авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулж завшсан байж болзошгүй үйлдлүүдийн илрэл юм. Тиймээс нарийвчилсан шалгалтаа мөрдөгчид үргэлжлүүлж буй. Магадгүй Ж.Сүхбаатарын дансаар орсон байж ч болзошгүй учраас яллагдагчаар татах санал мөрдөгчид прокурорын байгууллагад хүргүүлсэн болов уу гэж үзэх нэгэн байна.
“Ногоон автобус”-ны гэх дуулиантай холбоотойгоор зөвхөн тухайн автобусыг оруулж ирсэн, шалгаруулсан хүмүүсээр тогтохгүй нийслэлийн нийтийн тээврийн салбарт сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт, үр дүнг хууль сахиулах байгууллагынхан шалгаж буй. Үүний хүрээнд УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаярын хамаарал бүхий “Сити баз консалтинг” компанийг шалгаж буй билээ. Тус компанийнхан нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэхээр гэрээгээр үүрэг хүлээсэн ч хэрэгжүүлэлгүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас авч ирсэн учраас шалгуулж буй юм.
“Тэнүүн-Огоо”-гийнхны оруулж ирсэн хуучин, тендерийн шаардлага хангаагүй гэж гэж хэлж болохуйц автобуснуудыг улсын нууцад хамааруулсан тендер зарлаж шалгаруулсан нь тодорхой болсон. Тагнуулын байгууллагаас, Сангийн яамнаас “Нууцад хамааруулах шаардлагагүй” гэсэн албан бичиг өгсөөр атал түүнийг зөрчиж, нууцалсан нь мэдээж энэ тендерийг зохион байгуулах хороонд багтсан албан тушаалтнуудтай холбоотой. Тиймдээ ч нийтийн албан тушаалтан 18 хүнийг “Ногоон автобус”-ны гэх хэрэгт яллагдагчаар татаад буй биз. Тухайлбал, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн дотнын найз, нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар болон тус газрын даргаар ажиллаж байгаад “маш нууц” гэсэн тамгатай автобус худалдан авах тендерийн сонгон шалгаруулалтын дараа нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга болсон Ч.Сайханбаяр, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, тус газрын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн-Огоо” ХХК-ийнхны нөлөөгөөр нийслэлийн Нийтийн тээврийн газарт эрх бүхий албан тушаал хаших болсон, нэг бус удаагийн ажлын хэсэгт багтан А.Ганхуягт ашигтай шийдвэр гаргасан үйлдэлд холбогдсон Дөлгөөн зэрэг 18 хүнийг яллагдагчаар тооцсон юм.
Мөн “Ногоон автобус”-ны гэх хэрэгт “Воннам ЖЛС” компанийн захирал Ли Жон Соб, Ким Киа Баум тэргүүтэй БНСУ-ын дөрвөн иргэнийг яллагдагчаар татсан билээ.
Дуулиант ногоон автобуснууднь БНСУ-д 10 жил ашиглаад үйлчилгээнээс хасагдсан бөгөөд Вьетнамд капитал засвар хийгээд манай улсад “Тэнүүн-Огоо”-гийнхноор дамжуулан нийлүүлсэн нь тодорхой болсон. Тендерийн баримт бичигт автобусны хөдөлгүүрийг “Евро-5” стандарттай байхыг шаардсан атал “Евро-2” буюу DE-12, DE-2366 загварын мотортой автобус нийлүүлсэн байсан. БНСУ-даа ашиглалтын хугацаа нь дууссан автобусыг шинэ, “Евро-5” стандартын шаардлага хангасан хөдөлгүүртэй, утаагаа бүрэн шүүдэг гэх мэтээр хуудуутай баримт бичиг бүрдүүлж, “но”-той тээврийн хэрэгсэл “шахсан” нь тодорхой болоод буй билээ.
ОН ЗАССАН АВТОБУСААР МӨНГӨ ЗАВШСАН ХЭРЭГТ АТҮТ-ИЙНХӨН ХОЛБООТОЙ ЮУ
“Ногоон автобус”-ны гэх дуулиан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хоёр аж ахуйн нэгжийн удирдлагын хоорондын зөрчилдөөнөөс үүдэлтэй гэж хэлж болно. “Тэнүүн-Огоо” ХХК-ийнхнаас өмнө “Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарыг ЭЦА-ныхан шалгаж эхэлсэн билээ. Тус компанийнхан нийтийн тээврийн үйлчилгээний шаардлагад нийцэхгүй, хуучин автобуснуудын оныг засаж өөрчлөн “залуужуулж”, Улаанбаатар хотын иргэдийг тээвэрлэх үйлчилгээнд 10 гаруй жилийн турш явуулж төсвөөс татаас хэмээн их хэмжээний мөнгө авч байсан хэрэгт холбогдуулан шалгаж буй юм. “Эрдэм транс” ХХК-ийнхан 2013 оноос хойш нийт 180 гаруй автобус оруулж ирэхдээ хуурамчаар баримт бүрдүүлж, оныг нь өөрчлөн улс, нийслэлийн төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний татаас авч байсан үйлдлийг шалгаж БНСУ-ын “Хьюндай” компанийнхнаас автобуснуудын арлын дугааруудаар лавлагаа авч, нарийвчилсан үзлэгээ үргэлжлүүлж байна.
Автобусны хэргүүдийг сайтар шалгавал магадгүй гааль, АТҮТ-ийнхөн ч холбогдож болзошгүй. Учир нь гаалийн байцаагчид хяналтаа сайтар явуулж, хуучин автобус гэдгийг тодорхойлоод хилээр нэвтрүүлээгүй бол татвар төлөгчдийн их хэмжээний хөрөнгө үрэн таран болохгүй байлаа. АТҮТ-ийнхөн оныг нь зассан автобуснуудыг техникийн үзлэгт оруулахдаа шударгаар дүгнэлтээ гаргасан бол “Эрдэм транс”-ынхан татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээгээр завших боломжийг хязгаарлаж чадах байв. Харамсалтай нь, АТҮТ-ийнхөн ч, гаалийнхан ч шударгаар ажиллаагүйгээс“Ногоон автобус”-ны гэх дуулиантай холбоотой үйл явдлууд өрнөж буй юм. Тиймээс гааль, АТҮТ-ийн албан тушаалтнуудыг эдгээр хэрэгт холбогдуулан шалгах нь шударга ёсонд нийцэх биз ээ.