ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй, Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас (ЮНИДО) үзүүлж байгаа техникийн туслалцааны дагуу арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд Дэлхийн арьс, ширний группийн байгаль орчны стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг дээрх яамнаас мэдээлэв. Эл ажлын хүрээнд манай улсад анх удаа Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй “Булигаар” ХК, “Арилдий” ХХК энэ сарын 20- 24-нд стандартын аттестатчилалд орох аж. Уг явцыг дүгнэхээр тус группийн зөвшөөрөгдсөн аудитор Ага Валкейвикз манайд иржээ. Түүнийг дээрх яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж хүлээн авч уулзсан байна.
Дэлхийн томоохон стандартуудын нэг болох үүнийг нэвтрүүлснээр Европын Холбооны орнуудад Монголын боловсруулсан арьс, шир болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэнэ. Энэхүү стандартын аттестатчиллыг 17 бүлэг шалгуур үзүүлэлтээр тогтоох бөгөөд ХХААХҮЯ, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон элчиглэлийн үйлдвэрүүд хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд бэлтгэл хангажээ.
Бэлтгэсэн: Б.Сонор