Монгол Улс нүүдлийн соёлыг дэлхий дахинд сурталчлах, хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчдийн оруулсан хувь нэмрийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” хэмээх цуврал боловсруулж, толилуулах санаачилга дэвшүүлсэн юм. Үүнийг тусгасан тогтоолын төслийг ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганаар хэлэлцүүлэн батлуулжээ. Энэ үеэр Норвег, Кени, Унгар, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Тайланд, Уганда, Азербайжан зэрэг улс манай санаачилгыг сайшаан дэмжиж үг хэлсний сацуу хэрэгжүүлэхэд нь оролцох, эрдэмтдийн багт мэргэжилтнүүдээ ажиллуулах сонирхлоо илэрхийлэв. Харин Афганистан, БНСУ, Казахстан, Франц, ОХУ зэрэг улс тогтоолын төслийг дэмжиж хамтран зохиогчоор оролцох нь. ЮНЕСКО-гийн ивээл дор тус байгууллагын гишүүн орнуудын оролцоо, дэмжлэгтэйгээр олон улсын эрдэмтэн, судлаачдын хамт хэрэгжүүлэх эл санаачилгын хүрээнд эрдэм шинжилгээний зургаан цуврал бүтээл хэвлүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, эхний ботийг нь “Монголын тал нутгийн нүүдэлчид: Нүүдлийн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг” нэртэйгээр гаргах аж.
Бэлтгэсэн: У.Наран