Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. 2022 оны гуравдугаар сараас ЭЦА-ныханд анх шалгуулж, улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн мөрдөн байцаалтыг нь дуусгасан уг хэрэгт “Багануур”- ын Худалдаа, хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, тус хэлтсийн гэрээний мэргэжилтэн М.Ганбат, Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Болд, ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээ, Технологи, автомашин засварын хэлтсийн ажилтан Т.Эрдэнэхүү, “Ожийхон бужаадаа” ХХК-ийн захирал Г.Нандинцэцэг, “Эко чандмань” ХХК-ийн захирал Д.Нарандорж, “Тайшир-Өргөө”, “Баянбогд Алтай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Б.Бат-Эрдэнэ, “Монгол даатгал” ХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын захирал С.Ичинхорлоо, “Элбэг хэрлэн” ХХК-ийн захирал Б.Ганзориг, “Билгүүнмэйрэн” ХХК-ийн захирал Г.Даваасүрэн, “Юү би ти эй транс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ш.Буянням, “Мөнх хоёр эрдэнэ” ХХК-ийн удирдах албан тушаалтан Т.Мөнх-Эрдэнэ нарыг холбогдуулан яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Э.Номинчулууныг хахууль өгсөн, авсан, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгах явцад нэр дурдсан албан тушаалтнууд “Багануур” ХК-д сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх тендерт найз нөхөд, ах дүүсийнхээ аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, мөнгө шамшигдуулж байсан нь тодорхой болсон билээ.
Түүнчлэн Э.Номинчулуун өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллүүдийг устгуулах зорилгоор “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригт 32.8 сая төгрөгийн хахууль өгсөн, түүгээр дамжуулан 2022 оны гуравдугаар сарын 16-нд “Улс төрч агентлаг” (ulsturch.mn) ХХК, “Тэнгэр медиа пи ар групп”, “Асу медиа видео сан” (asu.mn), “Виа бренд медиа” (tsahiur.mn), “Даам медиа” (daam. mn), “Вип зууч сэтгүүл”, “Зөв мэдээлэл холбоо” НҮТББ (zuv.mn), “Нью папараци медиа групп” (paparazzi.mn) ХХК-тай 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлсэн хэмээн буруутгасан. Шүүх нэр дурдсан 14 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан, Г.Түвшинтөгс, Э.Чанцалням, НПГ-ын хяналтын прокурор Г.Ганхөлөг, шүүгдэгч 14 хүн, тэдний өмгөөлөгч нар, иргэний хариуцагч “Нью папараци медиа групп”-ийн эрх бүхий албан тушаалтан Н.Болорцэцэг, “Юү Жэй Ай” ХХК-ийн захирал Э.Ууганболд, “Тунамал нуур групп” ХХК-ийн захирал Б.Мандах, “Нью зи партнерс”- ийн хувьцаа эзэмшигч Д.Наранбилэг, “Мөнх хоёр эрдэнэ” ХХК-ийн удирдах албан тушаалтан Т.Мөнх-Эрдэнэ зэрэг хүнийг оролцуулан энэ сарын 9-10-нд хэлэлцээд бүгдийг нь гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч нар хохирол, төлбөрөө төлөх тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.
Улмаар өнгөрсөн баасан гарагт эл хугацаа нь дуусаж, ял оноох хурал нь боллоо. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Номинчулууны албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил гурван сар зорчих эрх хязгаарлах, хахууль авсан болон өгсөн хэрэгт нь тус бүр 27 сая төгрөгөөр торгох ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь найман жил хасжээ. .Болдын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил зургаан сар зорчих эрх хасаж, хахууль авсан хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хязгаарлан 10 сая төгрөгөөр торгов. .Батхишигийн хахууль авсан хэрэгт дээрх шүүгдэгчтэй ижил хугацаагаар төрд ажиллах эрхийг хязгаарлан, 27 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь адилхан хугацаагаар зорчих эрх хассан байна. .Эрдэнээгийн албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил хоёр сар зорчих эрх хязгаарласнаас гадна хахууль авсан хэрэгт нь долоон жил нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 15 сая төгрөгөөр торгожээ. Бусад 10 шүүгдэгчид бас торгох ял оноосон байна.
Энэ гэмт хэргийн улмаас олсон, “Багануур” ХК-д учруулсан 400-гаад сая төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, нэр дурдсан сэлбэг нийлүүлэгч компаниуд, Э.Номинчулууны үйлдлийг бичихгүй байхаар амлаж гэрээ байгуулж мөнгө авсан цахим хуудас эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс олсон орлогыг нь гаргуулахаар болсон юм. Харин Э.Номинчулуунаас хахууль авсан нэр бүхий цахим хуудсуудад зуучлан гэрээ байгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригийн үйлдлийг НПГ-аас тусгаарлан шалгуулалгүй үлдсэн нэр бүхий сайтуудын эздийн хамт шүүхэд шилжүүлэхээр авч үлдсэн аж.