Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж эхэлжээ. Тэдэнд холбогдох хэрэг хоёр дахь удаагаа ийнхүү тус шүүхийн босгоор орж буй юм. 2020 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцаасан уг хэргийн нэмэлт ажиллагааг АТГ-ынхан хийж дуусгаснаар прокурор яллах дүгнэлт үйлдэн ийнхүү хүргүүллээ.
Архангай аймгийн ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргасан. Улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлж, Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан байдаг.
Тэр дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллагдагчаар татсанаас хойш хэргийг шийдвэрлэлгүй удаж байгаа юм. Үүнээс гадна Засаг дарга асан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасан ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд уг хэргийг нэгтгэж шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон билээ.