Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж буй зүйл нь 108 дугаарын утас. Улсын хэмжээнд хүүхдийн эрх зөрчигдсөн байх магадлалтай бүхий л төрлийн мэдээллийг иргэд энэ утсаар өгдөг. Сүүлийн жилүүдэд 108 дугаарын утсанд ирэх дуудлага огцом нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд ярьж буй. Үүнтэй холбоотойгоор хүүхэд хамгаалах төвүүдийг ч нэмж байгуулах шаардлагатай болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын байгууллагууд зөвхөн эл тусгай дугаарын утасны дуудлагын дагуу үйл ажиллагаа явуулдаг аж.
Үүрээр нэг айлын хоёр хүү нэмэгдэж ирсэн гэнэ. Ирсэн хүүхэд бүрийг эхлээд тус төвийн эмч үзэж, дараа нь ээлжийн нийгмийн ажилтан хүлээн авч, усанд оруулах, хувцсыг нь угааж, ариутгах, ярилцах зэрэг үйлчилгээ үзүүлдэг аж.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг энэ жил хүүхэд хамгаалах байртай болжээ. Ингэснээр бүх дүүрэг ийм байртай болоод буй юм. Улсын хэмжээнд хүүхэд хамгаалах нийт 35 байр бий бөгөөд тэдгээрийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. 108 дугаарын утсанд жилд 120 000 дуудлага ирдгийн 8000 нь хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотой гэх мэдээлэл байдаг гэнэ. Үүний 1000 гаруйг нь Сонгинохайрхан дүүрэгт хамааралтай дуудлага эзэлдэг аж. Тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг нээснээс хойш сар гаруйн хугацаанд нийт 78 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Сонгинохайрхан дүүрэг нийт 43 хороотой бөгөөд энэ төвд зайлшгүй хамгаалах шаардлагатай хүүхдүүдийг түр хугацаагаар байрлуулдаг. Тус төвийн үйл ажиллагааг сурвалжиллаа.
Хамгаалах байранд 2-15 насны 13 хүүхэд байв. Тэд бүгд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас энд ирсэн гэнэ. Охидын өрөөгөөр ороход хөгжлийн бэрхшээлтэй, хоёр орчим настай хүүг тэд ээлжлэн асарч байв. Бүх бие нь саажилттай хүү байнга л хэвтэх бөгөөд босож чаддаггүй аж. Энэ бяцхан хүүг ээж нь айлд орхиод явжээ. Тухайн айлынхан 108-д дуудлага өгснөөр харьяаллын дагуу 20-иод хоногийн өмнө энд хүргүүлсэн байна. Анх ирэхдээ гарын хуруугаа тэнийлгэж чаддаггүй, биеийн байдал тааруу байсан бол одоо зовуурь нь багассан гэнэ. Хамтарсан багийн гишүүд ээжийнх нь сургийг гаргасан боловч одоогоор холбогдож чадаагүй байгаагаа хэллээ. Тус төв хүүхдийн 19 ортой, охидын болон хөвгүүдийн өрөөтэй. Тэд 10.00 цагт гал тогоондоо өглөөний цай уусны дараа буйдан дээр зэрэгцэн суугаад зурагт үзэж байлаа. Үүрээр нэг айлын хоёр хүү нэмэгдэж ирсэн гэнэ. Ирсэн хүүхэд бүрийг эхлээд тус төвийн эмч үзэж, дараа нь ээлжийн нийгмийн ажилтан хүлээн авч, усанд оруулах, хувцсыг нь угааж, ариутгах, ярилцах зэрэг үйлчилгээ үзүүлдэг аж. Хамгаалах байруудаар 2020 оноос хойш явсан гэх зургаадугаар ангийн хүү энд ирээд нэлээд хэд хонож байхдаа олгойны хагалгаа хийлгээд, одоо эдгэж буйгаа хэлсэн. Хүүгийн харц маш гунигтай, гэрээ санаж буй нь илт харагдсан. Аав нь архины хамааралтай, гэр оронгүй, ээж нь өөр хүнтэй хамтран амьдрах болсон учраас энд иржээ. Энэ төвд ирсэн хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлэх дургүй, зарим нь тураалтай, шарх сорвитой нь ч байв.
Баянхошуунд амьдардаг 14 настай охин энд ирээд долоо хонож буйгаа хэлээд, зарим зүйлийн талаар ярьсан юм. Тэрбээр “Би энд үеэл дүүтэйгээ хамт ирсэн. Үеэл дүү минь найман настай. Энд ирээд гоё байна. Өмнө нь албан бус гэр төвд сурч байсан. Сургуульд явдаггүй, завсардаад удаж байгаа. Манай гэр бүлийнхэн архины хамааралтай. Хорооноос манайхыг хяналтад авсан байсан. Эгч минь бид хоёрт санаа зовоод 108-д хандсан юм. Энэ төвөөс явмааргүй байна. Одоо манай гэрт ээж, ээжийн найз ах, нагац эгч амьдардаг. Гэртээ хэзээ очихоо мэдэхгүй. Энд ихэнх цагаа зурагт үзэж өнгөрүүлдэг. Уйдахаараа тогооч болон багш нартаа тусалдаг. Тогооч эгчтэй хамт өвөрмөц, олон төрлийн хоол хийсэн. Ногоотой, далайн байцайтай, тахианы махтай бууз хийсэн нь таалагдсан. Дүүгийн даалгаврыг багш нар сургууль руу нь холбогдож аваад, энд хийлгэдэг. Би энд байхдаа 300 хуудастай “Хэрсүү охины тэмдэглэл” гэдэг ном уншлаа. Уг ном хөгжилтэй учраас таалагдсан” гэж ярив. Түүнээс мөрөөдлийнх нь талаар асуухад “Гэртээ очвол архигүй, тайван байхыг л хүсдэг. Өөр мөрөөдөл бараг байхгүй дээ” гэв.
Түр хамгаалах төвд хүүхдүүдийг 24-168 цагаар хүлээж авах журамтай. Гэсэн ч ар гэр нь хүнд нөхцөлтэй бол байрлах хугацааг нь үүнээс хэд дахин нэмдэг гэсэн. Энэ талаар тус төвийн зохицуулагч Т.Мөнхсайхан “Манай төвийн хамгаалах байрнаас хүүхдийг асрамж, халамжийн газар луу шилжүүлж болдог. Гэсэн ч тэднийг авах газар байдаггүй, дүүрчихсэн гэж хэлдэг юм. Эдгээр хүүхдийг ар гэр лүү нь, эсвэл асрамжийн газар луу шилжүүлэхээс илүү сэтгэл зүй, бие махбодыг нь нөхөн сэргээх, урт хугацаанд байлгах төв хэрэгтэй” гэж тайлбарласан. Мөн “Хүүхэд гэр бүлдээ буцаад очиход аюулгүй байх нь л хамгийн чухал. Гэвч тэд буцаад аюулгүй орчинд очих нь тун ховор” хэмээн онцолсон юм. Түүнчлэн нэг сургуулиас дөрвөн хүүхэд түр хамгаалах байранд ирчхээд байхад араас нь санаа тавьдаг хүн огт байдаггүйг дурдсан. Шавиа яаж байна гэх сэтгэлгүй, хичээлийг нь асууж сураглаж, анхаардаггүй багш нарыг тэд ийнхүү шүүмжилсэн.
Энд ирдэг хүүхдийн олонхынх нь эцэг, эх архидан согтуурдаг, тэдний эрхийг зөрчдөг гэнэ. Үүнээс урьдчилан сэргийлэх, хувь хүн, гэр бүл, албан байгууллагад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар үүрэг гүйцэтгэхийг нь таниулж, эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагаа хамгийн чухал гэдгийг тус төвийнхөн хэлсэн. Түр хамгаалах байранд ирсэн хүүхдийг давтан хүчирхийлэлд өртүүлэхгүй байх орчныг бүрдүүлэхэд хамтарсан баг хяналт тавьж, ар гэрт нь нөхцөл байдлын үнэлгээ хийх ёстой аж. Гэтэл хорооны нийгмийн ажилтнууд уг үүргээ гүйцэтгэж чаддаггүй гэнэ.
Тус дүүргийн хамгаалах байрны ажлын үндсэн чиглэл нь ахлах нийгмийн ажилтан мэргэжилтнүүдээ арга зүйгээр хангах аж. Өдрийн нийгмийн ажилтан 24 цагаар ажиллах бөгөөд ирэх болон явах хүүхдийг хүлээж авах, хөдөлгөөнийг хянах үүрэгтэй. Ээлжийн нийгмийн ажилтан хүүхдийн аюулгүй байдлыг хангах журамтай юм билээ. Мөн хүүхэд асрагчтай аж. Нийгмийн ажилтнууд хүүхдүүдтэй ярилцаж судалгаа хийдэг гэнэ. Тус төвийн нийгмийн ажилтан “Хүүхэд бүр өөр. Яаж ч асуусан бодит амьдралаа хэлэхгүй хүүхэд ч бий. Хүүхэд хамгийн анх ирэхдээ үнэнээ ярьдаг. Дахин ирэхдээ нөхцөл байдлаа арай өөрөөр тайлбарладаг. Хүнд амьдрал руу нь буцаачих болов уу гээд худлаа ярьдаг юм билээ. Харин ихэвчлэн эмчид бодит амьдралаа дэлгэрүүлж ярьдаг нь ажиглагдсан. Манайд гэр бүлийн боловсрол маш доогуур байна. Тиймээс багаас нь гэр бүлийн боловсрол олгох шаардлагатай.
Хүмүүс ухамсрын доройтолд оржээ. Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь битий хэл тэднийг хөсөр хаяж байна. Үүнээс болж хүүхдүүд нь буруу зуршил, дадалд амархан автах зэргээр янз бүрийн асуудалд ордог. Ирж байгаа хүүхдийн зарим нь нүд халтирам. Усанд оруулаагүй удсанаас хав хар болсон, бөөстсөн, шээсэндээ түлэгдсэн, гутал нь холгоод ясандаа хүрсэн нь ч байдаг. Манай дүүрэгт ээж нь дөрөв болон долоон настай хоёр хүүхдээ орхиод явсан айл байдаг. Тэдний нөхцөл байдал маш хүнд. Хүүхдүүд нь эмээтэйгээ амьдардаг. Тэд байнга усаа авна, эмээгээ автобусны буудлаас ч тосдог. Арай л ахадсан хөдөлмөр хийдэг нь үнэхээр өрөвдөлтэй” гэж ярилаа.
Манай улсад хүүхэд хамгааллын ажлууд хийгдэж буй гэх. Гэсэн ч энэ төвд өдөр бүр нэмэгдэж ирэх хүүхдийн жишээнээс энэ ажил төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг харж болохоор аж. Тиймээс хүүхэд хамгааллын бодлогоо оновчтой болгох хэрэгтэй байна. Мөн архидалт, ажилгүйдэл зэргийг бууруулах, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг сайжруулах шаардлагатайг дээрх төвийнхөн хөндсөн юм.