Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. УИХ-ын чуулганы 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан. Дээрх хуулиудыг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлалыг боловсруулж, батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хурлаар журам, заавар, дүрэм, аргачлалыг боловсруулан батлуулах ажлын явцын талаар танилцуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон ажлын хэсгийн гишүүдийн зүгээс дүрэм, журам, заавар, аргачлал боловсруулахтай холбоотой тулгарч буй асуудал, талуудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Тус ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал ажлын хэсгийн гишүүдэд цаашид анхаарч ажиллах, гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр холбогдох үүрэг даалгавар өглөө. Өнөөдрийн байдлаар батлагдсан-10, арваннэгдүгээр сард батлагдах-11, санал авахаар хүргүүлсэн-11, боловсруулж байгаа-16 журам, дүрэм, заавар, аргачлал тус тус байна.