Өсвөр насныхан буюу ахлах ангийн сурагчдад Соёлын эрхийн бичгээр дамжуулан соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдах шинэ арга зүйг нэвтрүүлэх тандалт судалгааны ажил эхэллээ.
Дэлхийн улс орнууд өсвөр насны иргэддээ соёлын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын боловсролтой, соёл хүртэж сурсан бүтээлч иргэнийг бэлдэх зорилгоор соёлын эрхийн бичгийг хэрэгжүүлдэг. Соёлын яамнаас УИХ-д өргөн барьж, хэлэлцэгдэхээр дэмжигдсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд Соёлын эрхийн бичгийг өсвөр насны хүүхдэд олгохоор тусгаж, БНФУ, ХБНГУ, БНСУ-д хэрэгждэг сайн туршлагыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Соёлын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран улс орон даяар 16-18 насны 51 000 хүүхдийг соёлын эрхийн бичгээр “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй соёл, урлагийн үзэсгэлэн, үйлчилгээ, сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлж, энэ хүрээнд тандалт судалгааны ажлыг эхлүүллээ.