“Чингис хаан” үндэсний музейн VIII давхарт Монголын анхны панарома дэлгэц бүхий виртуал өрөө нээхэд бэлэн болжээ. Тус музейнхэн “Глобал смарт сольюшн” компанийнхантай хамтран виртуал өрөөг дэлхийн стандартад нийцүүлэн тохижуулсан аж. Үүнд Япон, Герман улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг ашигласан байна. Виртуал өрөөний нээлтээр “Жаргал продакшн” компанийнхны бүтээсэн “Их Монгол Улсын эзэн хаан: Чингис” контентыг үзэгчдэд анх удаа толилуулахаар болжээ. Энэ нь Чингис хааны дүр төрхийг синематик анимейшн зураглалаар бодит мэт бүтээсэн контент аж. Үүнд Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан үе хүртэлх амьдрал, үйл хэргийн түүхийг нь 15 минутад багтаасан гэнэ. Виртуал өрөөг их эзэн Чингис мэндэлсэн буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан энэ сарын 14-нд нээх нь.
Бэлтгэсэн: М.Оч