МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар өчигдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа хувийн хэвшлийн 72 эмнэлгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар хэлэлцлээ. Эмнэлгийн 10-300 хүртэл ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа дээрх аж ахуйн нэгжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба, багийн бүрэлдэхүүнийг ЭМ-ийн сайдын тушаалд заасан орон тоогоор ажиллуулдаггүй, тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодыг хяналт хангалтгүй байжээ. Ажиллах боловсон хүчний хувьд л гэхэд эмчлэх, сувилах эрх аваагүй болон зөвшөөрлийн хугацаа нь дууссан олон ажилтан байсан аж. Хамгийн гол нь тэдэнд хувийн хэвшлийн эмнэлгүүдийн бүтэц, үйл ажиллагаанд тохирсон стандарт байхгүй тул тэдгээрийг аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй дүйцүүлж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна гэсэн дүгнэлт хийжээ. Түүнчлэн эмнэлгийнхээ орны тоог нэмэх сонирхол их байдаг хэрнээ биеийн байдал нь хөнгөн өвчтөнүүдийг авч эмчилдэг тул улсын эмнэлгүүдийн ачааллаас төдийлөн хуваалцдаггүй, иргэдэд эрүүл мэндийн зөв дадал олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй байна.
Энэ мэт олон зөрчлийн улмаас нийтдээ таван сая гаруй төгрөгийн торгууль тогдуулж, хоёр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоон, 26 эмнэлэгт улсын байцаагчдын хамтарсан албан шаардлага хүргүүлжээ. Мөн улсын эмийн бүртгэлд ороогүй, чанарын баталгаагүй 25 нэрийн төрлийн эмийг эмчилгээнд хэрэглэж байсныг улсын байцаагчийн акт тогтоон, устгахаар хураасан байна.
Л.Ганчимэг