Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ой ирэх онд тохионо. Үүнийг угтсан “Орхоны хөндийн соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн “Хархорум” музейд өчигдөр боллоо. Хуралд Өвөрхангай аймгийн Соёл урлагийн газар, Хархорин сумын ЗДТГ, ИТХ, Соёлын төв зэрэг холбогдох төрийн байгууллагынхнаас гадна Монголын соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах холбоо, “Хархорум”, “Хөшөө цайдам” музей, “Эрдэнэ зуу” хийдийн төлөөлөл оролцов.
Эл бүс нутгийг хүн төрөлхтний соёл, түүхийн гэрч болсон, өнөө ч үнэ цэн, ач холбогдлоо алдаагүй газар хэмээн ЮНЕСКО хүлээн зөвшөөрч, батламжилсан. Гэвч манай улс үүнийг хамгаалах чиглэлээр дорвитой, тууштай бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа гэнэ. Үүний нөлөөгөөр Орхоны хөндийд орчны бохирдлын асуудал хурцаар хөндөгдөж, соёлын өвийг хадгалах, хамгаалах ажлыг сайжруулах шаардлага тулгараад буй аж. Иймд орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагын албан тушаалтан, мэргэжилтнүүд эл асуудлаар санал солилцон, зөвлөлдөж, цаашид бодлого, үйл ажиллагааны түвшинд хамтран ажиллахаар болов.
Орхоны хөндийгөөс илрүүлсэн биет олдворуудыг дэлгэн үзүүлдэг “Хархорум” музей, “Эрдэнэ зуу” хийдийг холбосон аялал жуулчлалын гудамжийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулах ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэж, саяхан хүлээлгэж өгсөн талаар мэргэжилтнүүд энэ үеэр мэдээлэв. Ингэснээр тухайн бүс дэх соёлын өвийн дурсгалуудыг аялал жуулчлалын эргэлтэд оруулах, тогтмол хяналт тавих, хамгаалах нөхцөл бүрджээ.
Бэлтгэсэн: Н.Ган