-Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн салбарынхаа хөгжлийг хойш чангаагч болжээ-
“Эхнэр хүний нөхөртөө үзүүлэх нөлөөлөл. Ханилсан ханиараа гоёх, бахархах мэдрэмжийг нь хэвээр байлгахыг хичээх. Гэр орноо цэвэр, эмх цэгцтэй, дулаан тохитой, амар тайван байлгах. Нөхөртөө хүндлэлтэй хандах, дэмжин урамшуулах, хайраар дүүрэн байлгах” гэж 10 дугаар ангийн иргэний ёс зүйн боловсролын хичээлийн сурах бичгийн 97 дугаар хуудсанд бичжээ. Эмэгтэй хүн зөвхөн хэн нэгнийг халамжлагч, гэрийн ажил хийгч мэтээр хүүхдүүдэд багаас нь ойлгуулахыг оролдон, жендерийн хэвшмэл ойлголт “суулгаж”, уламжлуулахыг зорьсон ийм хичээлийг таны хүүхэд сургуульдаа заалгаж байна.
Улмаар “Чи гэр бүл болсныхоо дараа эдгээрийг биелүүлж чадах, эсэхээ тунгааж бичээрэй. Хадам ээжийгээ ямар ч тохиолдолд ээж гэж дуудна. Баяр ёслол болон төрсөн өдрөөр нь хамгийн түрүүнд баяр хүргэнэ. Хадам ээжийнхээ эрүүл мэндэд байнга санаа тавьж, өвдсөн тохиолдолд сэтгэлээсээ асарч сувилна. Хэзээ ч түүнтэй дээрэнгүй, өндөрсгөсөн дуугаар харьцахгүй. Хэрвээ хань тань ээжтэйгээ маргалдвал хэзээд хадам ээжийнхээ талд орно” гэсэн хэсэг ч бий. Энэ бол 12 дугаар ангийн иргэний ёс зүйн боловсрол хичээлийн сурах бичигт оруулсан дасгал ажил.
Бүрэн дунд боловсролоо эзэмшиж ч амжаагүй хүүхдүүдэд ийнхүү эхнэр, нөхрийн харилцаа, хадам ээжийн талаар номлох “агуу” санаа дээрх сурах бичгийг зохиогчдод төрсөн аж. Тэд уг “мэргэн” санаагаа шинжлэх ухааны үндэслэлтэйд тооцох боломжгүй, энтертайнмент цахим хуудаснаас эш татан бичсэн байх юм. Харамсалтай нь, энэ ганц жишээ нь биш. Үүн шиг үй түмэн алдаа бусад сурах бичигт ч байгаа нь аймшигтай.
6-12 дугаар ангийн иргэний ёс зүйн боловсрол хичээлийн хөтөлбөр, сурах бичгийг 2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу боловсруулжээ. Улмаар 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сургалтад нэвтрүүлсэн байна. Уг нь бусад хичээлтэй харьцуулахад нэлээд “залуу”, хэдхэн жилийн өмнө л хөтөлбөр, агуулгыг нь боловсруулсан атал хүний эрх, жендерийн мэдрэмжгүй, хуучин нийгмийн “үнэр” ханхлуулжээ. Хүүхдүүдийн ирээдүйг тодорхойлох учиртай боловсролын бодлого боловсруулагчид ийм л хоцрогдсон байна. Тиймээс уг хичээлийн сурах бичгийг бүрэн шинэчлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс гаргажээ. Тус эвслийнхэн Хүний эрхийн үндэсний комиссын захиалгаар иргэний ёс зүйн боловсролын хичээлийн сурах бичгүүдэд агуулгын дүн шинжилгээ хийсний үр дүнд ийнхүү зөвлөсөн юм. Түүнчлэн уг хичээлийн сурах бичгүүдийг “Боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрийн хөгжилд гарсан ухралт” гэж дүгнэжээ.
“Бүх сурах бичигт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дүрсэлсэн зураг, дүрслэл байхгүй. Текстийн агуулгын хувьд 6-9 дүгээр ангийн сурах бичигт хөгжлийн бэрхшээлтэй хүний зураг, текст үгүй. 10-12 дугаар ангийн сурах бичиг тус бүрд ганц удаа дурдагдсан. Ингэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах сайн үйлсийн аян”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах нь нийгмийн хариуцлага”, “Сонсголгүй ээждээ хөгжим тоглож үзүүлэхийг хүссэн ч чадаагүй хүү” гэсэн агуулгаар оруулсан нь тэд бол асруулж халамжлуулах, тэтгэн туслуулах ёстой хүмүүс хэмээн хүүхдүүдэд ойлгуулахыг хичээжээ. 6-7 дугаар ангийн иргэний ёс зүйн боловсрол сурах бичигт текст болон зураглалын хувьд жендерийн тэгш байдал хангалтгүй. Зурган дүрслэлийн 60 гаруй хувийг эрэгтэй, 30 орчим хувийг эмэгтэй дүр эзэлжээ. Текстийн хувьд ч ялгаагүй эрэгтэй дүр, тайлбар дийлэнх хувийг нь бүрдүүлсэн байна. Эрэгтэй хүн, эрэгтэй хүүхдийг ухаалаг, тууштай, хөдөлмөрч байдлаар, харин эмэгтэй хүн, охин хүүхдийг халамжлагч, уян зөөлөн сэтгэлтэй гэсэн жендерийн хэвшмэл байдлаар дүрсэлжээ. Цаашлаад нийгмийн цөөнх бүлэг, ялгаатай байдлыг огт дүрслээгүй. Хөгжлийн бэрхшээл, үндэс угсаа, жендер, бэлгийн цөөнх бүлгийг дүрсэлсэн зураглал, текст, жишээ байхгүй” гэж Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийнхэн дүгнэсэн байна.
Тус эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “Эх сурвалж болгон хэрэглэсэн эрдэмтэн, зохиолч, түүхэн хүний тоо наймдугаар ангийн сурах бичигт нийт 23 бий. Үүнээс хоёр нь л эмэгтэй бөгөөд нэг нь их сургуулийн багш, нөгөө нь гадаад хүн. Есдүгээр ангийн сурах бичигт нийт 40 хүн дүрсэлснээс нэг нь эмэгтэй. 10 дугаар ангийн сурах бичигт эхнэр, нөхрийн харилцаа, эрхэмлэх зүйлс, гэр бүл салалтын талаарх статистик, гэрлэх нөхцөл журам, хүүхдийн хүмүүжлийн уламжлалт агуулгуудыг багтаасан нь сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт нийцээгүй. Эшлэл авсан эх сурвалжуудын дунд буддын шашин, философийн ном зохиол дийлэнх. Мөн орос хэлээрх эх зохиол багагүй хувь эзэлж байна. Түүнчлэн баталгаатай бус эх сурвалж буюу мэдээллийн болон энтертайнмент цахим хуудас, үнэн, эсэх нь үл мэдэгдэх онч үг их ашигласан нь сурах бичгийн агуулгыг шинжлэх ухаанч бус хэмээн дүгнэхэд хүргэлээ” гэсэн юм. Хүний эрх, жендерийн мэдрэмжтэй бүхэл бүтэн үе өсөж өндийж байхад сурах бичиг нь тэдний итгэл үнэмшлийг 180 хэм эргүүлэх төдийгүй цаг үеэсээ зуунаар хоцроход хүргэж мэдэхээр байгааг эдгээр дүгнэлтээс харж болно. Тиймээс уг сурах бичгийг татан авч, шинэчлэх нь зүйтэй гэсэн саналыг дүн шинжилгээ хийсэн багийнхан БШУЯ-нд хүргүүлсэн гэв.
“Ихэнхдээ сурах бичиг л багш нар анги танхимдаа юуг, хэрхэн заахыг тодорхойлдог. Тэгэхээр 6-12 дугаар ангийн иргэний ёс зүйн боловсролын сурах бичигт ардчилал, иргэний оролцоо, хүний эрх, жендерийн эрх тэгш байдлын талаарх агуулга оруулах шаардлагатай. Нийгмийн ялгаатай бүлгүүд, тэдний онцлогийг сэдвийн агуулгын хүрээнд тусгаж, мөн хүний эрх, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар оруулах хэрэгтэй байна. Шинжлэх ухааны мэдлэгийн агуулгыг нэмж, ёс зүйн мэргэжлийн багш, судлаач оролцуулан сургалтын хөтөлбөрийг бүхэлд нь шинээр боловсруулах ёстой. Ялангуяа ёс зүйн шинжлэх ухааны мэдлэгийн агуулга оруулах шаардлагатай” зэрэг олон зүйлийг зөвлөмжид дурдсан байлаа.
Дээрх зөвлөмжийг хүлээн авсан, эсэх болон цаашид үүний дагуу ямар ажил хийхийг БШУЯ-наас тодруулахад “Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийнхэн чиг үүргийнхээ хүрээнд зөвлөмжийг хүлээн авч, арга хэмжээ авах ёстой” гэв. Үүнийх нь дагуу тус хүрээлэнгийнхэнтэй холбогдоход ямартай ч зөвлөмжийг хүлээн авсан хэмээлээ. Харин зөвлөмж ямар агуулгатай байсан, түүний дагуу юу хийхийг нь лавлахад “нууц” гэв. Өөрөөр хэлбэл, тэд сурах бичгийг сайжруулах талаар дурсахыг ч хүссэнгүй. Бас ямар утгатай зөвлөмж авснаа ч тайлбарлах сонирхолгүй байв. Тэд энэ бүхнийг хав дараад, юу ч болоогүй мэт өнгөрөөх нь үү гэсэн хардлага ч төрлөө. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн бол БШУЯ-ны харьяа байгууллага. Тус хүрээлэн 60 гаруй хүний орон тоотой. Үүнээс 23 нь Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, сурах бичгийн судалгааны секторт хамаардаг. Гэтэл тэд сурах бичгийг ямар шалгуурын дагуу, хэнээр хийлгээд байгаа нь тодорхойгүй. Бас боловсруулаад, хэвлээд, хүүхдүүдэд “шахаад” буй номуудад хяналт тавьдаггүй. Ийм өргөн бүрэлдэхүүнтэй атлаа тэд сурах бичгүүдэд ер “санаа тавьдаггүй”-н жишээ нь иргэний боловсролын номууд юм. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн гэх сүрхий нэртэй байгууллага үнэндээ боловсролын салбарын хөгжлөөс хойш чангаагч болжээ.
Ер нь сурах бичгүүдийн алдаа, ойлголтын зөрүү нь шинэ зүйл биш. Энэ асуудлууд өмнө нь ч байж. Тухайлбал, “Бүх нийт боловсролын төлөө” эвслээс 2013, 2014 онд бүх хичээлийн сурах бичигт дүн шинжилгээ хийсэн аж. Тухайн үед ч жендерийн эрх тэгш байдлыг тусгаагүй, хүний эрхийн мэдрэмжгүй агуулга, зураг давамгай байсан гэнэ. Тэдний 10 жилийн өмнөх дүгнэлтэд “Сурах бичгийн бүлэг, сэдвүүд уялдаа холбоо, логик дараалалгүй, нэг ангид хүй нэгдлийн үеэс эхлээд ардчиллын түүх хүртэл заахаар багтаасан буюу агуулга хэт өргөн дэлгэр байсан. Нийгмийн ухааны сурах бичигт шашны, бясалгалын, зурхайн гээд шинжлэх ухааны бус агуулга оруулсан жишээ ч байв. Зүйр цэцэн үг, мал аж ахуй, нүүдэлчин амьдралын талаар бичсэнээ гэнэт АНУ, Уолт Дисней гээд “харайсан” нь ч байлаа. Зарим сурах бичиг мал аж ахуйн юм уу, нүүдэлчдийн ахуй амьдралын талаарх ном гэж ойлгогдохоор байв. Агуулга нь шүүмжлэлт биш, нэг онолыг баримталсан, тулгасан, олон ургалч үзлийг тусгаагүй. Боловсруулалт муу, хэд хэдэн номоос түүгээд цуглуулчихсан байлаа. Хүүхэд бүрийн эрэлт хэрэгцээг бодолцоогүй, Монгол Улсад дан ганц халх, буддын шашинтай, хөгжлийн бэрхшээлгүй, мал малладаг, хэл, соёлын ялгаагүй, дийлэнх нь эрэгтэй хүн амьдардаг мэт харагдахаар байгаа юм. Сурах бичгийн талаар нэгдсэн бодлого батлах, зохиогчдын чадавхыг сайжруулах, энэ чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэх шаардлагатай” гэж онцолсон байжээ. Бүхэл арван өнгөрсөн ч үүнд төдийлөн өөрчлөлт оруулаагүй нь энэ удаагийн дүн шинжилгээнээс харагдаж буй юм.
Түүнчлэн БШУЯ-ны захиалгаар 2021 онд боловсролын салбарын эрдэмтэд сурах бичигт дүн шинжилгээ хийжээ. Салбарын сайд Л.Энх-Амгалан үүний талаар “Ерөнхий боловсролын сургуулийн 174 сурах бичигт дүн шинжилгээ хийж дууслаа. Сэтгэл эмзэглүүлмээр үр дүн гарсан” гэж халагласан нь ч бий. Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсад сурах бичгүүд нь зөвхөн цээжлэх, давтах дадал олгох төдий байгааг дээрх дүн шинжилгээгээр тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх номуудыг сурагчид үздэггүй, харин шууд заасан, тулган шаардсан, цээжлэхийг албадсан номыг хичээлдээ ашигладаг гэнэ.
Сурах бичгүүд шаардлага хангахгүй, бүхэлд нь сайжруулах шаардлагатай нь ийнхүү тодорхой болоод удаж байна. Гэтэл салбарын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн өөрчлөлтөө яагаад эхлүүлэхгүй байна вэ. Ардчиллаа ч ойлгохгүй эрдэмтдийн бичсэн номоор ардын хүүхдүүдийн ирээдүйг баллах ашиг сонирхол тэдэнд байна уу. Угтаа бол агуулга нь ядмаг атал жин, хэмжээ нь хэтийдсэн сурах бичиг нэртэй хогоор дамжуулан хүүхдүүд хэн нэгний тэнэглэл, номлолыг үзэх ёсгүй. Орчин үеийн техник, технологи, хиймэл оюун ухааны хөгжлийн үед амьдрах ирээдүйн монгол иргэдийн тархийг өнгөрсөн нийгмийн үзэл суртал “үнэртсэн” номоор “угаах” эрхгүй. Ирж буй цагийн дууг харьж яваа цагийн хүн дуулдаггүй гэдэг дээ.
Бэлтгэсэн: М.Оч