Дуутын буюу Цогт хунтайжийн хадны бичээсийг хамгаалах төслийг АНУ-ын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангаас 105 мянган ам.доллароор санхүүжүүлэхээр болжээ. Төслийг “Монгол дуу, дүрс сан” төрийн бус байгууллагынхан хэрэгжүүлэх юм байна. Уг төслийн хүрээнд хадны бичээс хүний үйл ажиллагаа болон байгалийн үйл явцаас шалтгаалсан ямар нөлөөнд өртсөнийг үнэлж, нөхцөл байдлыг тодорхойлох нь. Мөн хадны бичээсийг хадгалан хамгаалах, сурталчлах стратеги боловсруулахаар төлөвлөжээ. Цогт хунтайжийн хадны бичээс нь XVII зууны үеийн Монголын яруу найргийн хосгүй бүтээлд тооцогддог. Лигдэн хутагт хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг уг бичээст дүрслэн харуулсан билээ. Ташрамд дурдахад, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хороо өнгөрсөн тавдугаар сард хуралдаж, баримтат өвийн олон улсын жагсаалтад Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг бүртгэхээр шийдвэрлэж байв. Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн өвүүдийг уг жагсаалтад бүртгэдэг билээ.