Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамцын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэв. Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгохоор уг хурлаас шийдвэрлэжээ. Мөн түүний нэр дэвшүүлсэн, Бурхан шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилов. Д.Жавзандорж нь Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүний олонхын дэмжлэг буюу 85.7 хувийн саналаар ийнхүү хамбаар өргөмжлөгдлөө. Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал нийт 55 гишүүний 89 хувийн ирцтэйгээр хуралдсан байна. Тэргүүн их хамба лам, лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслолыг билгийн тооллын өлзийт сайн өдөр товлон гүйцэлдүүлэхээр тогтжээ.