Соёлын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Соёлын бүтээлч сар” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус аяныг “Бүтээлч залуус” уриан дор уламжлал болгон улс орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.
Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, соёлын байгууллагууд “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 100 гаруй үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Гурав дахь удаагийн “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд урлагийн тоглолт, кино үзвэр, соёлын боловсролын хөтөлбөрүүд, соёлын үйлчилгээ, тэмцээн, уралдаан, сургалт, хэлэлцүүлэг зэрэг олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна 16-18 насны хүүхдүүдэд зориулсан “Соёлын эрхийн бичиг” хэмээх үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Жил бүрийн “Соёлын бүтээлч сар” аяныг өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд “Буган чулуун хөшөө дурсгал”-ыг онцолжээ. Соёлын засаглал ба Эрхзүйн шинэчлэл, Бүтээлч байдал ба Мэдлэг, туршлага, Соёлын хүртээмж ба Хөрөнгө оруулалт, Дижитал шилжилт ба Шинэ боломж сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.