Хан-Уул дүүрэгт байрлах “Скай гарден резиденс” хотхоны “Winter garden” хүрээлэнд өнгөрсөн есдүгээр сард анх удаа чимээтэй номын сан нээсэн юм. “Тэсо” групп болон “Nepko kids”-ийнхэн хамтран Монгол дахь номын сангийн хэв маягийг өөрчилж, хүүхдүүд чөлөөтэй байх орчныг тэнд бүрдүүлсэн аж. Тус номын сангийн үйл ажиллагааг сурвалжиллаа.
“Скай гарден резиденс” хотхонд байрлах “Winter garden” нь нэгдүгээр давхартаа өвөл, зун ажиллах цэцэрлэгт хүрээлэнтэй. Үүний дээд давхарт номын сан байрладаг. Хүлээн авах ажилтны ширээнд байрлуулсан үйлчилгээний нөхцөл, дүрэм гэсэн танилцуулгад бичсэнээс үзвэл есөөс доош насны хүүхэд асран хамгаалах хүнтэй хамт үйлчлүүлэх ёстой гэнэ. Үйлчлүүлэгчид гишүүнчлэлийн карттай байх хэрэгтэй. Томхон хэмжээтэй заал нь тойрог хэлбэрийн коридортой аж. Булан бүрдээ янз бүрийн шийдлээр зассан, хөшгөөр хаалт хийсэн хэсэгтэй. Эдгээрт ганцаараа, багаараа, гэр бүлээрээ, найз нөхдийн хамт ном унших боломжийг бүрдүүлсэн байв. Тухайлбал, баруун буланд байх давхар ор бүхий хэсэгт номоо тухтай унших нь. Гол хэсэгтээ 20 метрийн урттай, сууж, хэвтэж болдог гурван давхар гэхээр модон тайз байсан. Энд номын зохиолчидтой уулзах хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зохиодог гэнэ. Хана, шүүгээ, ширээ зэрэгт бүх номыг нүүрэн талаар нь өрж байрлуулсан нь тодхон, сонгож авахад хялбар харагдсан. Ингэхдээ бүх сэдвийн номыг ангилж тавилгүйгээр, хаа сайгүй л өржээ.
Зүүн хэсэгтээ цахим орчин болон дэлгэц бүхий булантай. Энд найз нөхдөөрөө ном унших, кино үзэх, ярилцах зэрэг арга хэмжээ зохиож болохоор байв. Ойролцоох сонсдог номын хэсэгт 10-аад компьютер байрлуулжээ. Мөн ганцаараа суух боломжтой 20 орчим ширээ, сандал байсан. Өөр нэг буландаа зарим үйлчлүүлэгчийн хүсэлтээр ном худалдах хэсгийг саяхнаас нээсэн гэнэ. Чимээтэй номын сангийн ерөнхий менежер Б.Гантогтох“Одоогоор манайх 20 000 гаруй номын нөөцтэй. 50 хувь нь гадаад хэлээр ном байдаг. Өдөрт 100 гаруй хүүхэд үйлчлүүлж байна. Манай номын сангийн давуу тал нь хүүхдүүд орчинд баригдалгүйгээр, ямар ч номыг чөлөөтэй авч үзэх, сонгох боломж бүрдүүлсэн. Гол нь хүссэн номоо авч уншдаг. Уламжлалт байдлыг эвдсэнээр хүүхдүүдийн хувьд номын аялал хийх, дахин ирж үйлчлүүлэх дуртай болсон зэрэг үр дүн бий. Ихэвчлэн орчин үеийн ном байгаа. Манайх гадаад улсаас өөрсдөө ном оруулж ирдэг. Түүнчлэн манай хэвлэлийн газрын эрхлэн гаргасан 130 төрлийн номоор үйлчилдэг” гэв.
Хүүхдүүдийн дунд 1-2 настай бяцхан уншигчид ч байсан. Нэг настай М.Энгүүн ээжтэйгээ номоо уншиж дуусаад гарах гэж байв. Түүний ээж н.Мөнххүслэн “Бид хоёр анх удаа үйлчлүүлж байна. Манай охин бичиг багатай, томхон зурагтай 20-иод ном эргүүлж үзлээ. Гадаад хэлээрх зурагтай номууд сонирхолтой байлаа. Мөн орчин нь том, цэлгэр, тухтай нь таалагдсан. Найзуудаасаа мэдээлэл аваад ирсэн” гэв. Д.Амирлан хоёр настай. Энд нэг жилийн турш үйлчлүүлэхээр бүртгүүлсэн гэнэ. Өнөөдөр зургаа дахиа ирж буй байнгын үйлчлүүлэгч аж. Асран хамгаалагч нь түүнд монгол ардын үлгэр, шүдний эрүүл мэндийн тухай номууд уншиж өгсөн гэнэ. Үйлчлүүлснээс хойш нийт зургаан ном уншиж өгчээ. Тэрбээр хэлд орж амжаагүй ч ном уншиж өгөхөд сайн ойлгодог. Бас амьтны тухай, сэтгэхүй хөгжүүлэх номд дуртай гэсэн юм. Тус номын санд бага насныханд зориулсан “Цондоолойгийн зоригт найзууд”, “Амаа том ангайгаарай”, “Дэлхийн шилдэг үлгэр домгууд”, “Цүндээлэй нутагтаа буцаж ирсэн нь”, “Даашинзан алчууртад тохиолдсон явдал” зэрэг ном байсан юм. 0-6 насныханд зориулсан “Аз жаргал” орчуулгын номыг англи, монгол хэлээр хэвлэсэн нь сонирхолтой санагдсан. 12 цуврал уг номд аз жаргал гэж юу вэ, ямар үед чи аз жаргалтай байдаг вэ зэрэг асуултад хариулжээ. Ингэснээр уншиж дуусаад аав, ээж нь хамтран ярилцах боломжтой юм байна. Мөн “Найзууд болцгооё” гэдэг ном цэцэрлэгийн хүүхдүүдэд илүү тохиромжтой. Үүнд найз нөхөрлөлийн харилцааг багаас нь ойлгуулахаар бичжээ.
Тус номын сангаас ихэвчлэн хүүхдүүдийн насны онцлогт тохирсон, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг санаачилж зохион байгуулдаг юм байна. Өнгөрсөн долоо хоногт хүүхдүүдийн ном унших дадлыг бий болгох зорилготой 2-3 хөтөлбөр зохион байгуулсан гэнэ. Энэ өдөр хүүхдийн зохиолч Н.Мандал зээ охины хамт ирж, багачуудад номоо хэрхэн бүтээсэн тухай түүхээ ярьж өгч, бүтээлүүдээсээ танилцуулжээ. Мөн өнгөрсөн баасан гарагт Налайх дүүргийн сурагчид утсаар захиалга өгсний дагуу хөтөлбөрт ирж оролцсон байна. Зарим арга хэмжээг тохиолдуулж, сайн дурын сурагч, оюутнууд тус номын санд ирж ажилладаг гэсэн юм.