Соёлын сайд Ч.Номин Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд хатагтай Соёлма Баяртуевна Дагаева болон албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Соёлын яам, Оросын Холбооны Улсын Соёлын яам хооронд 2022-2024 оны соёлын хөтөлбөрийг 2021 онд байгуулж, энэ хүрээнд Чингис Хаан Үндэсний музей, Оросын Холбооны Улсын Доржи Банзаровын нэрэмжит Буриадын Улсын их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг эхлүүлэх нөхцөл бүрдсэн билээ.
Монгол Улсын Соёлын яамнаас дэлхийд тархсан Монгол Соёлын өв хөтөлбөрийг хэрэгжүүлж, ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын соёл, баримтат өв, түүхийн эх сурвалж, архивын баримт, гар бичмэл зэргийг хамтран эрж хайх, хуулбарлах, хамтын бүтээл хийх, эрдэмтэн судлаачид солилцох ажлуудыг зохион байгуулж байна. Мөн ирэх арваннэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод болох олон улсын соёлын IX “Нэгдсэн соёлын чуулга уулзалт”-д оролцохоор бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын соёлын харилцааг өргөжүүлэх, жил бүр зохион байгуулдаг олон улсын түвшний соёл урлагийн фестиваль, өдөрлөг үзэсгэлэнд уран бүтээлчдээ оролцуулах, залуу уран бүтээлчид, зураачдын үзэсгэлэнг харилцан зохион байгуулах, сонгодог бүтээл, драмын жүжиг харилцан солилцож, хүүхэлдэйн театруудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд ярилцав.
Уулзалтын үеэр ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Соёлын яамнаас санаачлан 2023 оны наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Альбина Николаевна Дугаровагаар ахлуулсан өөрийн улсын төлөөлөл, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг оролцуулж, хувь нэмэр оруулсанд талархал илэрхийллээ.