Чойжин ламын сүм музейг хэсэгчлэн засварлах он дамжсан төслийн ажил амжилттай хэрэгжиж дууслаа. АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжүүлсэн уг төслийг АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Дэлхийн хөшөө дурсгалын сан Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Энэржин ХХК туслан гүйцэтгэснээр амжилттай хэрэгжүүллээ.
АНУ-ын Элчин сайд Ричард Буанган “Уг сүм нь Монгол Улсыг ардчилал, шашин шүтэх эрх чөлөө, тусгаар тогтнолын ач холбогдлыг чухалчлан авч үзэж буйн илэрхийлэл юм” гээд, үргэлжлүүлэн “Эдгээр чанарууд нь манай хоёр үндэстний эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлс бөгөөд хадгалан хамгаалахын төлөө бид уйгагүй хөдөлмөрлөдөг билээ” хэмээн төслийн хаалтын ёслол дээр хэлсэн үгэндээ онцолжээ.
1908 онд баригдсан сүмийг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан “Чойжин лам” нэрээр нэрлэжээ. Нэгэн цагт Чойжин Лам Лувсанхайдавын нууц тарнийн бүтээлийн ариун шүтээн бясалгалын гол өргөө нь байсан Ядам сүмийг ийн сэргээн засварлалаа. Чойжин ламын сүм бол Монголын шашны архитектурын хэв маягийн цаг хугацааг тэсэж үлдсэн ховор жишээ бөгөөд Монголын Буддын шашны түүхэнд чухал ач холбогдолтой учраас 2020 онд Дэлхийн хөшөө дурсгалын сангийн анхааран хамгаалах жагсаалтад оржээ. Сүм нь Монголд коммунистууд засгийн эрхийг гартаа авсны дараа хаагдах, сүйтгэгдэх аюулыг гэтэлсэн цөөн тооны шашны дурсгалт газруудын нэг гэсэн утгаараа онцгой ач холбогдолтой юм.