Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо Соёлын яамны дэмжлэгтэйгээр анх удаагаа “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэнг “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 11-16-ны өдрүүдэд танилцуулна. Энэхүү үзэсгэлэнд нийт 20 орчим байгууллагын 190 гаруй гэрэл зурагчдын бүтээлийг толилуулах бөгөөд Монголын гэрэл зургийн салбарын хөгжил, чиг хандлага, нийгмийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлох зорилготой.
Энэхүү үзэсгэлэнд байгаль, үйл явдал, баримтат, уран сайхны болон хэвлэл мэдээллийн гээд гэрэл зургийн бүхий л чиглэлээр шилдэг бүтээлүүдийг дэлгэж олон нийтийг мэдээлэл, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх эрэлт, хэрэгцээг хангасан өргөн агуулга бүхий томоохон анхны чуулган болж буйгаараа онцлог юм.
Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэх, “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг нь дүрслэх урлаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт” арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд тодорхой үр дүнгээ өгөх юм.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос оролцогчдоо дэмжих, сурталчлах ажлын хүрээнд үзэсгэлэнгийн өдрүүдийг агентлаг, нийгэмлэг, хувь уран бүтээлчдийн нэрэмжит болгон тэдний уран бүтээл, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаагаа явуулах олон талт боломжийг олгож байгаа юм.
Мөн монголын гэрэл зургийн хөгжлийн чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний хурал, дрон, гар утасны зураг авалт, шинэ техник, технологийг танилцуулах сургалт, үзүүлэх тоглолт, зөвлөгөө, ярилцлага, хэлэлцүүлэг, мөн гэрэл зурагчны аппарат хэрэгслийн засвар үйлчилгээ, “Монголын нэг өдөр” гэрэл зургийн уралдаан, “Хуучин гэрэл зургийн цүнх” үзэсгэлэн зэрэг хөтөлбөрүүдээр үргэлжлэх юм.