Аймгуудад "Соёлын сэргэлт-2023" аян өрнөу байна. Аян Булган аймагт өрнөж буй. Аяны хүрээнд Малын сүүнээс будаг гаргаж авах уламжлалт өв соёлыг 30 орчим жил судалж, дахин сэргээж, хэрэглээнд нэвтрүүлсэн Соёл судлаач Д.Дарьсүрэн ийн ярьжээ.
Бидний өвөг дээдэс буянт малынхаа үр шимийг хүртэж, мах, сүү, арьс, хөөвөр, хялгас, яс, эвэр туруу гээд бүх түүхий эдийг уламжлалт аргаар боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн ард түмэн билээ. Булган аймгийн иргэн соёл судлаач, доктор, профессор Д.Дарьсүрэн малын түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн боловсруулан хэрэглэх арга ухааныг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж явна. Тэр дундаа сүүнээс будаг гаргах уламжлалт арга ухааныг сүүлийн 30 орчим жил судалж, дахин сэргээж, хэрэглээнд нэвтрүүлжээ.
Малын сүүнээс 60 гаруй төрлийн будаг гаргаж авч болдог байна. Доктор Д.Дарьсүрэн хар, ногоон, цагаан, ногоон шаргал, цайвар ногоон бүдэг ногоон гэх мэт 7-10 төрлийн өнгийг зөвхөн малын сүүнээс гаргаж байгаа бөгөөд энэ өнгөнүүдээ хүрэн манжин, хар модны будаг гэх мэт бусад бүтээгдэхүүнтэй хольж завсрын олон төрлийн өнгө гаргажээ. Тэрээр малын сүүг зэс саванд хийж газарт 108 хоног булж, будаг гаргаж авдаг байна. Ингэж гаргасан будгаа хатааж, хуурай будаг болгон ноос ноолууран бүтээгдэхүүнээ будаж, олон төрлийн бүтээгдэхүүн урладаг юм.
2020 онд доктор Д.Дарьсүрэн ШУТИС, Японы Нагоя их сургуулийн хамтарсан хээрийн судалгааны төвд сүүнээс гаргаж авсан будгаа шинжилгээнд оруулжээ. Судалгаагаар хүхэр, хлор, кали, кальци, фосфор, магни гэх мэт хүний биед хэрэгтэй эрдэс, будагт агуулагдаж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Д.Дарьсүрэн докторын судалж сэргээсэн, сүүнээс будаг гаргах энэ уламжлалт өв соёлын тухай Германы эрдэмтэд ч сонирхон хамтран ажиллаж байна. Мөн түүний ноос ноолууран бүтээгдэхүүнийг Швед, ОХУ, Швейцар, Франц гэх мэт Олон Улсын хүмүүс ихэд сонирхож худалдан авсан байна.
Түүнчлэн Д.Дарьсүрэн доктор арьс шир боловсруулах, гөлөм, эмээл хазаар урлах, эсгий боловсруулах, гар урлал, зүү ороох оёдол, зоосон ширээний сүлжмэл, загасан нуруун хатгамал гэх мэт соёлын биет бус өвийг өвлөн уламжилж явна.
2011 онд түүний гар урлалын 5 бүтээл соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн юм.
Д.Дарьсүрэн доктор 2020 онд “Уламжлалт арга ухааны өвлөн уламжлагч”-аар тодорч, 2018 онд Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд “Монгол ахуйн соёл ба инноваци” сэдэвтэй илтгэл тавьж, сүүнээс будаг гаргах уламжлалт технологийг Олон Улсад танилцуулсан байна.
1996 онд “Гар нэхмэлийн бэлдэц бэлтгэх арга ухаан”-ыг судлан оюуны өмчийн патент, 2021 онд сүүн будаг үйлдвэрлэх арга гэсэн бүтээлээр тус тус оюуны өмчийн патент авсан юм.
Зуун зууны нүүдэлд гээгдэж хоцроогүй нүүдэлчдийн соёл өнө мөнхөд орших болтугай ...