Автомашин мөргөлдөж, хоёр хүн нас барлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 11.34 цагт иржээ. Хэргийн газарт ажиллаж, иргэдэд анхны тусламж үзүүлсэн Шуурхай бүлэг-105-ын тасгийн дарга ахмад А.Баярмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Гурван машин мөргөлдсөн байна. Хэдэн хүн гэмтэж бэртсэн бэ?
-Улиастайн гүүрний хойд талд осол гарлаа гэсэн дуудлага авсан даруйдаа бид очсон. УБА 91-39 улсын дугаартай “Гранд марк-2” машины жолооч урдаа явсан УБИ 10-64 дугаартай “Портер”-ийг гүйцэж түрүүлэх гэж байгаад гулгаж, 180 градус эргэсэн юм билээ. Гулгасны улмаас УНБ 45-56 улсын дугаартай “Тэнүүн огоо” компанийн Таван шар-Баянзүрхийн товчоо чиглэлийн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн. Суудлын машинд явсан хүмүүс нэг гэр бүлийнх бөгөөд хүү нь жолоодож явжээ. 38-48 насны хоёр хүн газар дээрээ нас барсан. Жолооч, урд талын суудалд явсан эгч нь хүнд гэмтсэн. Тэднийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хүргүүлсэн.
-Автобусанд явсан зорчигчид гайгүй юу?
-Автобусанд 18 зорчигч явсан. Гэмтсэн хүн байгаагүй. Харьяаллын дагуу хэр гийг Баянзүрх дүүргийн цагдаагийнхан шалгаж байгаа.
Х.СҮРЭН