Соён гэгээрүүлэгч, говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнг өнөөдөр 12.00 цагаас “Чингис хаан” музейд нээнэ. Соёлын яам, “Чингис хаан” музей, Дорноговь аймгийн ЗДТГ болон Говийн ноён хутагтын музейгээс хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд нэрт соён гэгээрүүлэгчийн хэрэглэж байсан эд зүйлс, шашин, соёлын дурсгалууд, уран бүтээлтэй нь холбогдолтой 130 орчим үзмэр дэглэх аж. Тухайлбал, “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын гар бичмэл, есөн эрдэнийн шигтгээтэй гавал эрих, мөнгөн дотортой гавал аяга зэрэг хосгүй үнэт дурсгалыг багтаажээ. Говийн ноён хутагтын музейгээс эдгээр үзмэрийг авчирсан байна. Үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.