Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо. Учир нь иргэн Ж.Батмөнх УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн гомдсон байна. Үүний дагуу цэц Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-аас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд гишүүн ирсэнгүй. Тэрбээр Цэцийн дунд суудлын хуралдаан болох үеэр гадаадад томилолттой байх тул хуралдаанд оролцохгүйгээ албан бичгээр ирүүлжээ.
Улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй тул хуралдааныг эхлүүлэв. Цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй тул хуралдааныг эхлүүлж байгааг мэдэгдэв. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27.2-т "Маргагч тал хуралдаан болох газар, байр, сар, өдөр, цагийн тухай албан ёсны мэдэгдэл авсан боловч хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан заасан саналаа ирүүлээгүй, өөрийн нь эзгүйд асуудлыг шийдвэрлэхийг зөвшөөрснөө бичгээр ирүүлсэн бол хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй" гэж заасан.
Дунд суудлын хуралдаан Цэцийн гишүүн Ш.Солонго, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй боллоо.
Маргааныг урьдчилан шалгасан Цэцийн гишүүн Туулхүү илтгэлээ танилцуулсны дараа мэдээлэл гаргасан иргэн Ж.Батмөнхийн нэмэлт тайлбарыг сонсож, Цэцийн гишүүд түүнд асуулт тавьж, хариулт авав. Цэцийн гишүүд "Бусад улсад хараат бус байгууллагуудын удирдлагыг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол хийдэг, эсэх туршлагыг судалсан уу, олон нийт нэр дэвшигчийн талаар мэдэх эрхтэй юу, 20 субъектыг томилохтой холбогдуулан УИХ нэр дэвшигчийн сонсгол хийхээр хуульчилсан бөгөөд эдгээр 20 субъектын эрх хэмжээ ялгаатай гэж үзэж байна уу, Яагаад зөвхөн Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүд, АТГ-ын дарга, дэд даргыг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол явуулахаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна вэ, бусад байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг томилохын өмнө нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахаар заасан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна уу" гэх зэрэг асуулт тавьж, хариулт авлаа.
Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг өнөөдөр 14.00 цагт танилцуулна. Хуралдаанд иргэний нийгмийн байгууллагын судлаачид, эрхзүйчид ажиглагчаар оролцлоо.