Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Нээлттэй Нийгэм Форум болон Тунгаахуй өгөгдлийн урлантай хамтран мэдээлэл хариуцагч төрийн байгууллагын нээлттэй өгөгдөл хариуцсан төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулав. Арга хэмжээнд мэдээлэл хариуцагч 40 орчим байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцож, нээлттэй өгөгдлийн салбарын бодлого, нээлттэй өгөгдөл бүтээх, ашиглах арга зүй болон нээлттэй өгөгдлийн эдийн засгийн үр ашгийн талаар мэдлэг, мэдээлэл авч, төрийн нээлттэй өгөгдөл бий болгоход тулгарч буй асуудал, шийдлийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Монгол улсын өгөгдлийн хууль, эрх зүйн орчин, бодлогын өнөөгийн байдал”, Тунгаахуй өгөгдлийн урлангийн үүсгэн байгуулагч Э.Тунгалаг “Нээлттэй өгөгдөл бүтээх алхам”, Үндэсний статистикийн хороо Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд “Нээлттэй өгөгдлийн нийгэм, эдийн засгийн үр ашиг”, Удирдлагын академи сургууль Судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, Доктор (Ph.D) Ж.Жаргал “Нээлттэй өгөгдлийг бодлогын шийдвэр гаргалтад ашиглах нь” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд нээлттэй өгөгдөл бий болгож буй үйл явц нь хууль эрхзүйн хувьд шинэ бөгөөд чанартай нээлттэй өгөгдөл үүсгэж, бодит хэрэглээнд оруулахад тодорхой хүчин чармайлт, цаг хугацаа хэрэгтэй байгаа аж.
Нээлттэй өгөгдлийн салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин томоохон дэмжлэг үзүүлж буй бөгөөд салбарын суурийг зөв бүрдүүлэхэд мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын оролцоо, үүрэг чухал төдийгүй засаглалын ил тод байдлыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, нээлттэй өгөгдөлд суурилсан нийгэм, эдийн засгийн үнэ цэн бүтээх юм.