Монголын гогийн холбоо 2003 онд Олон улсын гогийн холбооны 65 дахь гишүүнээр элсэж, дараа жилээс нь сонирхогчдын гогийн ДАШТ-д тамирчдаа сойсон удаатай. Манай улсад эл хөлөгт тоглоомоор хичээллэдэг тоглогч олон бий. Тэднээс V дан зэрэгтэй нь спортын мастер Ц.Сансар. Тэрбээр Японоос 2003 онд ЖАЙКА-гийн хамтын ажиллагааны хүрээнд ирсэн гогийн өндөр зэрэглэлтэй багш, дасгалжуулагч Акета Кацүюкийн удирдлагад анхлан суралцагчдын хамт хичээллэсэн нь хожим амжилт гаргахад нь багагүй нөлөөлжээ. Түүний заасан бүхнээс уйгагүй суралцаж, өөрийн хичээл зүтгэлээр ур чадвараа ахиулснаар сонирхогчдын гогийн дэлхийн аварга шалгаруулах 25 дугаар тэмцээнд оролцохоор Окаяма мужийн Күрашики хотыг зорьж байв. Тус тэмцээнд 68 улсын тамирчин ана мана өрсөлдсөн нь гогийн спортын 30 жилийн түүхэнд байгаагүй тоо байсан гэдэг. Түүнээс хойш эх орноо төлөөлж ДАШТ-д гурван удаа оюунаа сорьсон түүнтэй ярилцлаа.
-Тамирчид спортод хөл тавьсан дурсамжаа хуваалцах дуртай байдаг. Та ч бас гогийн тухай сонирхолтой түүх өгүүлэх биз?
-Би 2002 оны намар го сурахаар сонирхон, судалж эхэлсэн юм. Надад го анх заасан багш бол ном. “Го эхлэн сурах” гарын авлага уншиж, тоглох арга барил, дүрмийг нь мэдсэнээр хөлөг дээр нүүх болсон. Тэр үед нагац ах го ид сурч, тоглохоор хорхойсдог байсан юм. Хэн нэгнээр заалгаагүй хэрнээ ахыг хожчихоод байсанд ихэд гайхаж, нэг өдөр Монголын гогийн холбоо руу дагуулж ирээд сургалтад суулгаж билээ. Түүнийг эгчийн хоёр хүүхдэд го заахыг сонирхож харсаар байгаад гадарладаг болсон юм. Дараа жил нь манай улсад Японы ЖАЙКА-гийн хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн өндөр зэрэглэлтэй Акета Кацүюки багш го сонирхон суралцагчдад хичээл заахаар ирэхдээ III дантай тамирчин төрүүлнэ гэв. Түүнийг хоёр жил заах хугацаанд хичээж суралцсаны үр дүнд III дан хүртсэн юм. Хүн сонирхдог зүйлдээ цаг зав гаргадаг. Би ч бас тэгж сурсан тоглогчдын нэг. Монголд тэр жил гогийн анхны томоохон тэмцээн зохион байгуулахад түрүүлж, тууштай хичээллэхээр тэмүүлсэн дээ.
-Хамт хичээллэсэн нөхдөөсөө амжилт гаргаж, өдгөө V дантай болжээ. Монголд ийм өндөр цолд хүрсэн тамирчин танаас өөр алга.
-Гогийн тоглогчдоос V дантай болсон нь одоогоор би л байна. Тэр үед багш сонирхон суралцагчдын ур чадвар хэр ахисныг явцын дунд шалгачихна. Хүүхдүүдийн зарим нь мартаж, эхнээс нь дахиад заалгадаг сан. Миний хувьд заасан бүхнийг нь хичээнгүйлэн сурч, өдөр бүр уйгагүй давтдаг нь багшид урамтай санагддаг байсан болов уу. Монголчуудын нийтлэг нэг дутагдал бол нэгэндээ атаархах. Япон багшийг хүмүүс “Сансарт бусад хүүхдээс илүү заадаг” гэж ярьдаг байлаа. Багшийнхаа ачаар, бас өөрийн хичээл зүтгэлийн хүчинд улсаа төлөөлж олон тэмцээнд оролцсон. Го анх сурч байхдаа Японы түүх, соёлоос суралцъя гэж боддог байв. Хичээллэх тусам го зөвхөн Японых бус, дэлхийн спорт болж хөгжсөнийг ойлгосон юм. Го үүссэн өлгий нутаг бол өмнөд хөрш. 4000 жилийн түүхтэй гог Азиас Япон, БНСУ, Хятад улс өндөр хөгжүүлсэн тул мэргэжлийн ангилалд өрсөлддөг алдартай тамирчидтай. Олон улсад эрчимтэй хөгжиж буй эл оюуны хөлөгт тоглоомыг Японд го, Хятадад вэй чи, БНСУ-д бадук хэмээдэг. Харин монголчууд мигман гэж нэрлэж ирсэн түүхтэй. Манай улсад ийм нэртэй гогийн клуб бий. Намайг хүүхэд байхад хамаатан садны хөгшид “Багадаа мигман тоглодог байлаа” гээд ярьсан нь санаанд тод үлджээ. Германы хайгуулын экспедицийнхэн XIII зууны үеийн олдвороос го олдлоо гээд Монголын гогийн холбоонд авчирч, багшид үзүүлсэн нь сонирхлыг минь ихэд татсан юм. Би багадаа түргэн зантай байлаа. Го тоглосноор тайван бодож, зөв шийдвэр гаргадаг болсон.
-Монголын гогийн холбоо ДАШТ-д таныг анх удаа сойсныг өмнө нь сонссон. Дэлхийн шилдгүүдийг хараад ямар бодол төрж байсан бол?
-Миний хувьд ДАШТ-д байр эзлэхээс илүү өөртэйгөө адил дантай болон цол, зэрэг багатай тамирчдад хожигдохгүйг хичээдэг. Год тогтоосон дэлхийн стандарт байдаггүй. Тухайн улс тамирчдадаа дан, зэрэг олгоно. Монголын гогийн холбоо олон улсын түвшинд харьцуулагдах дантай байх ёстой гэсэн зарчим баримталж ирсэн. Зарим улсын III дантай тамирчин Монголын I дантай тоглогчид хожигдох жишээтэй. Гадаадын томоохон тэмцээнд тухайн тамирчны бус, улсынх нь нэр гардаг. Тиймээс олон улсын V дантай тамирчин зэрэглэл багатай тоглогчдод ялагдвал доог тохуу болно, үзэгчдэд ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй. Тэгэхээр өөрт олгосон данг тоглолтоороо батлан харуулах хэрэгтэй. Японы Окаяма мужийн Күрашики хотод 2004 онд болсон ДАШТ-д багштайгаа оролцохоор хилийн дээс алхахад найзууд “Монголчууд хамгийн түрүүнд Эрээн явж үзэх сэн гэж боддог байхад чи орон алгасаж, их наран улсыг зорилоо” гээд хөгжилдөж билээ. Тэнд хөл тавиад улсынх нь хөгжил, ахуй соёл, иргэдийнх нь аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хөдөлмөрч зангаар их бахархсан. Миний хувьд анх удаа оролцсон болохоор сандарсан л даа. Анхны ДАШТ-д гурав хожиж, тав ялагдсанаар дундаас хойш байр эзэлж байлаа. Тухайн үед Европтго хөгжиж байсан ч Азийнхан эхний 10 байрт жагсаж, энэ спорт хэр өндөр хөгжсөнийг харуулсан. Тэр жил БНСУ-ын тамирчин түрүүлж, аварга болж байв. Тэрбээр түүнээс хойш дэлхийд алдартай мэргэжлийн тамирчин болсон шүү дээ. Одоо Вьетнам улсад урилгаар ажилладаг.
-Гогийн мэргэжлийн тамирчид санхүүгийн эрх чөлөөнд хэдийн хүрсэн байдаг гэсэн, үнэн үү?
-Гогоор хичээллэхэд насны хязгаар байдаггүй. Мэргэжлийн тамирчид оролцдог тэмцээний шагнал бусдынхтай харьцуулшгүй өндөр. Тэд гог амьдралынхаа баталгаа болгож, мэргэжлийн тамирчны оргилд хүрсэн байдаг тул олны анхаарлыг маш их татдаг. Мэргэжлийн тамирчдын шалгуур өндөр, өрсөлдөөн ихтэй. Шилдгүүдээс цойлж, дэлхийд танигдах амаргүй. Амжилт гаргасан ч дан, зэргээ олон жил хадгалах хэцүү тул өдөр бүр суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг. Оюуны спортоос го компьютерт л хожигдсон. Тайланд улсын нэгэн томоохон компани 2003 онд компьютерын программ зохиож, гогийн мэргэжлийн тамирчныг хожвол сая ам.доллароор шагнах бооцоо тавьсан. Гэхдээ тэр үед го сонирхогчид ойрын 10 жилд ийм зүйл хэзээ ч гарахгүй гэдэг байлаа. БНСУ-ын мэргэжлийн тамирчдаас дэлхийн аварга И Сэ Дуль хамгийн алдартай. Тэрбээр аваргаар нэг бус удаа шалгарсан. Гогийн ертөнцөд мандсан түүнийг ялах өрсөлдөгч тухайн үед хараахан байгаагүй. Эцэст нь хиймэл оюун гарснаар домог болсон түүнийг 2016 онд хожсон шүү дээ. Дэлхийн чансааг тэргүүлж, нэг хэсэгтээ шуугиулсан тэрбээр “Google”-ийн “Deep Мind technologies” компанийн бүтээсэн программын эсрэг хийсэн таван тоглолтын нэгтнь хожсон. И Сэ Дуль хамгийн сүүлд “AlphaGo” компьютерын программыг хожиж, мэргэжлийн тамирчны замналаа өндөрлүүллээ. Тухайн үед гогийн талбарт “Солонгосчууд алдартай тоглогчоо зодог тайлуулахын тулд компьютерын сул программ зохиож хожуулсан” гэх яриа хүчтэй өрнөж байв.
-Гогийн тоглогчид өөрийн гэсэн тоглох арга барил, өвөрмөц нүүдэлтэй. Мэргэжлийн тамирчдаас хэний өрөг сонирхлыг тань татдаг вэ?
-Миний сонирхлыг Японы алдартай тамирчин, IX дант И Яма Кейкогийн нүүдэл их татдаг. Түүний тоглох арга барил минийхтэй төстэй тул сонирхож судалдаг юм. Сүүлийн үед тамирчдыг БНСУ-ын тоглогч Шин Жин Со тэргүүлэх болсон. Тэрбээр мөн IX дантай. Мэргэжлийн тамирчид IX дан хүртэл зэргээ ахиулдаг. Амжилттай өрсөлдөж тэргүүлсэн нь эхлээд жудан, дараа нь госей, оза, тэнгэн, хон инбо, мэйжин, кисей гэсэн цол хүртэнэ. Японд эрт дээр үед Хон Инбо хэмээх алдартай тоглогч байсан. Тиймээс түүний нэрээр нэрлэсэн лигийн АШТ-ийг жил бүр улсдаа зохион байгуулдаг. Би япон багшийнхаа хөлөг, чулуугаар олон жил тоглож байна. Тэрбээр явахаасаа өмнө “Хичээгээрэй, Сансар” гэж бичээд бэлэглэсэн юм. Надад үнэтэй хөлөг, чулуу авах бодол төрдөггүй. Түүний хөлөг, чулуугаар олон тэмцээнд амжилттай оролцсон болохоор сэтгэлд дотно санагддаг.
-Монголын тамирчинд анхны ДАШТ олон зүйлийг ухааруулж, дараагийнхад нь туршлага хуримтлуулж оролцохыг ойлгуулсан байх.
-Би ДАШТ-д гурван удаа оролцохдоо VIII байрт шалгарсан нь тун сонирхолтой санагддаг. Өмнөх тэмцээнүүдэд тоглосон тамирчинтай таарсан тохиолдол ч бий. Японд 2004 онд болсон ДАШТ-д анх удаа өрсөлдөхдөө би I дантай байв. Тэр тэмцээнд Кубын III дантай тоглогчид хожигдсон юм. Дараагийн тэмцээнд би III дантай оролцож, V дантай түүнийг ялж билээ. Гурав дахь тэмцээнд бид дахин учраа таарахад хэн, хэн нь V дантай тоглосон ч миний хожлоор өндөрлөсөн.
Миний сэтгэлээс гардаггүй нэг тэмцээн байдаг. Сингапурт 2006 онд зохион байгуулсан гогийн олон улсын тэмцээнд эзэн орны тамирчныг хожиж яваад хожигдчихов. Тэр тэмцээн надад маш том сургамж болж, олон зүйлийг ухааруулсан. Миний хувьд ур чадвараар гологдохгүй ч сэтгэл зүйгээ сайтар бэлдээгүй байв. Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов гуайн “Тамирчин хүн оноо илүү авснаа ялсанд бүү тооц. Дэвжээнээс буух тэр үед өрсөлдөгчөө яллаа гэж бодох хэрэгтэй” гээд телевизийн нэвтрүүлэгт зочноор уригдахдаа хэлж байсан үг нь толгойд орж ирсэн шүү. Би өрсөлдөгчөө хожих нүүдэл хийчихээд, хэсэг хугацаанд дараагийн өрөгт ямар улсын тамирчинтай таарах бол гэж бодож суухдаа алдаа гаргаж ялагдсан. Тэмцээн дуусаагүй байхад хожчихлоо гэж өөртөө итгэж, өрсөлдөгчөө дутуу үнэлсэн нь миний буруу байв. Тэмцээний дараа өрсөлдөгч маань “Надад чамайг хожих итгэлгүй эхэндээ төрөөгүй. Ялагдах минь тодорхой болсон тул бууж өгөхөөр бодож байтал нүүх боломж гарсан” гэж билээ.
-Го Азийн орнуудад өндөр цалинтай мэргэжлийн спорт болсон. Олны дунд түгээгүй шалтгааныг хүмүүс олон янзаар тайлбарладаг шүү дээ.
-Гог зөвхөн хаан, ноёд, түшмэд, цэргийн жанжид дайны тактик, стратеги, төлөвлөгөө боловсруулж, ордонд тоглодог байв. Хоёр тивийн жанжин го тоглож, цус урсгахгүйгээр дайны асуудлыг шийдэж байсан түүх бий. Тиймээс энгийн ардыг го тоглохыг хориглосон тул олонд төдийлөн түгээгүй. ХХ зууны эхэн үеэс олон улсын иргэд го сонирхон тоглодог болсноор өнөө цагт спортын нэгэн төрөл болж хөгжсөн. Азиас БНХАУ, БНСУ гог оюуны спорт талаас нь, япончууд үндэсний өв соёл, амьдралыг үзэх үзэл талаас нь хөгжүүлдэг.
-“Ханжоу-2022” Азийн наадмын оюуны спортын төрөлд го багтлаа. Тэнд тивийн шилдгүүдийн хөлөг дээрх тулаан удахгүй өрнөх нь.
-Миний хувьд шатар, даамыг гогоос хялбар гэж боддог. Шатар тоглоод хожигдох тусам хүү нь цөөрч, нүүдэл хийхэд хялбар болно. Го дүрэмд баригддаггүй. Хоосон хөлөг дээр хар, цагаан чулуугаар өрөг эхлүүлэхэд тоглолтын дунд хэсэгт нүүх зайгүй болно. Го тоглох үндсэн дөрвөн дүрэмтэй тул эхлэн суралцагчид зайлшгүй сурч, анхны мэдэгдэхүүнтэй болох ёстой. Аливаа зүйлийг сурах эхэндээ хэцүү ч хичээх тусам улам сонирхолтой санагддаг. Хятад, Япон, БНСУ-ын тамирчид гогоор ана мана өрсөлддөг. Тивийн өндөр хөгжилтэй орнууд улсынхаа хөгжлийг готой холбож тайлбарлах дуртай. Тиймдээ ч мэргэжлийн тамирчин бэлтгэхдээ хөрөнгө харамгүй зарцуулдаг юм. Гогийн тив, дэлхийн тэмцээнийг ивээн тэтгэсэн компаниудыг улс нь татвараас чөлөөлөх жишээтэй. Монголчууд ч гэсэн өв соёлоо тээсэн үндэснийхээ спортыг хөгжүүлэхэд анхаарал хандуулж, гадаадынхан шиг гар татахгүй зарцуулдаг болох нь зүйтэй. Дотооддоо зохион байгуулдаг үндэсний спортын томоохон тэмцээнийг ивээн тэтгэсэн байгууллагыг татвараас хөнгөлдөг болбол хөрөнгө оруулалт нэмэгдэнэ шүү дээ. Монголчууд бусдын давуу талаас суралцаж, хэрэгтэйг нь хэрэгжүүлдэг байгаасай. Япон, Хятадад мэргэжлийн тамирчдыг бэлтгэдэг академи, дээд сургуультай. БНСУ оюуны спортын төвтэй. Хүүхдүүд сонирхогчдын ангилалд бэлтгэгдэж, дараа нь мэргэжлийнх рүү хөл тавьдаг. Багаасаа мэргэжлийн тамирчнаар бэлтгэгддэг хүүхэд ч цөөнгүй. Надад хэдэн шавь бий. Хойшид өөрийн гэсэн клуб байгуулж, тамирчин бэлтгэхийг зорьж байгаа. Найз нөхөд минь “Чамайг клуб нээвэл хүүхдээ гогоор хичээллүүлнэ” гэдэг юм.