“Эргэж ирэхгүй намар” кино Азийн кино наадмаас шагнал хүртлээ. Тодруулбал, АНУ-ын Чикаго хотод болж буй 17 дахь удаагийн Азийн кино өдөрлөгт оролцсон жүжигчин Б.Амарсайханы өөрөө гол дүрийг нь бүтээж, анх удаа найруулагчаар ажилласан “Эргэж ирэхгүй намар” (“Harvest Moon”) киногоо сойсон. Улмаар "Эргэж ирэхгүй намар" кино “Pinnacle Career Achievement Awards“ буюу онцлох киноны шагналыг хүржлээ. “Эргэж ирэхгүй намар” киног есдүгээр сарын 24-нд кино театрт гаргаж, Чикаго хотын монголчууд болон нутгийн иргэд үзжээ. Киног англи хадмалтай гаргасан бөгөөд тасалбарыг 5-10 доллараар борлуулжээ.
Б.Амарсайханыг тус наадмын албан ёсны сайтад "Марко Поло" кинонд Аригбөхийн дүрийг бүтээж Монголоос олон улсын тайзанд гарсан анхны жүжигчин" хэмээн онцолсон байна. Тус кино өнгөрөгч онд 95 дахь удаагийн "Оскар"-ын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн юм. Улмаар академийн шагналд өрсөлдсөн Монголын долоо дахь уран бүтээл болсон түүхтэй. Зохиолч Т.Бум-Эрдэнийн "Түнтүүлэй" өгүүллэгээс сэдэвлэсэн уг бүтээл хэд хэдэн кино наадмаас шагнал хүртсэн юм.
Тухайлбал, 2022 онд Ванкуверын олон улсын кино наадам, Миланы “FESCAAL” наадмаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ. Мөн Миланы “Miworld Young”, "Fribourg IFF" наадмаас нийт гурван шагнал хүртсэн билээ. Тус кино Канадад англи орчуулгатай гарсан бөгөөд “Officine UBU” компани Итали улс болон итали хэлээр ярьдаг орнуудад гаргах, "Joint Entertainment" компани Тайваньд гаргах зөвшөөрал авсан юм.