Допингийн асуудалтай холбоотойгоор Монгол Улс ирэх оны олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас Монгол Улсад зөрчлүүдээ арилгахад дөрвөн сарын хугацаа өгч, ажиглалтын жагсаалтдаа оруулсан гэнэ. Үүний талаар Д.Амарбаясгалан “Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2023 оны хоёр дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 22-нд боллоо. Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, ажиглалтын жагсаалтад орууллаа. Манай улс тэдгээр дүрмийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтойгоо нотолж чадсан. Үүсээд байгаа асуудлыг цаашид яаралтай шийдвэрлэх, эрсдэлийг арилгахад идэвхтэй ажиллах болно” хэмээн мэдээлжээ.
Бэлтгэсэн: М.Оч