Энэтхэгийн Шинэ Дели хотод өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан насанд хүрэгчдийн боксын ДАШТ-д Монголын үндэсний шигшээ багийнхнаас ОУХМ Л.Алтанцэцэг 48 кг-ын жинд Узбекистаны тамирчин Ф.Фозиловаг 5:0-ээр илүүрхэж, хүрэл медалийн болзол хангасан. Түүний мөнгөн медалийн төлөөх тоглолтод Марокко улсын тамирчин Моуттаки Ясминыг буулган авсан тулаан үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, суудлаас нь хэдэнтээ өндөлзүүлсэн билээ. Аваргын төлөө эзэн орны Ниту Нитуатай тоглохоор гарахад нь боксын хорхойтнууд амьсгаа даран догдолж суусан гэдэгт эргэлздэггүй. Дэлхийн тулааны дэвжээнд монгол охин цахиур хагалж, гал гарсан, сонирхолтой тоглолтуудыг харуулна гэж хэн ч тэр үед төсөөлөөгүй биз. Түүнд алтын дайтай мөнгөн медаль амархан ирээгүй. Эх орных нь нэр хүнд, огшиж баярласан олны итгэл найдвар, амжилтынхаа төлөө саад бэрхшээлүүдийг даван туулсан зориг, зорилготой нь хамт ирсэн хамгийн үнэ цэнтэй шагнал байлаа.
-Энэтхэгээс ирснийхээ дараа та нэг хэсэгтээ нам гүм байлаа. Ханжоуг зорих шигшээ багийн тамирчдын бүрэлдэхүүнд ч харагдсангүй.
-ДАШТ-ээс ирээд багийнхантайгаа ХБНГУ-д хамтарсан бэлтгэл хийхдээ хөлөө гэмтээсэн. Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Эрүүл мэнддээ анхаарал хандуулж, дүү нартаа боломж олгоё гэж бодоод Азийн наадамд оролцоогүй. Гадаадын тамирчдыг улс нь бүх зүйлээр хангадаг тул бэлтгэл хийх орчин нөхцөл нь биднийхээс олон зүйлээр давуу. Гэхдээ Монголын тамирчдад зорьсон зүйлийнхээ төлөө тууштай, үнэнч зүтгэдэг чанар бий. Бидэнд унах, босох зүйл бишгүй гардаг. Амжилт гаргах эхэндээ хэцүү ч даван туулсны дараа жаргалтай санагддаг юм.
-Та ДАШТ-д 48 кг-д анх удаа оролцсон. Энэ жинд тулалддаг тамирчдын хувьд шинэ танил нь байсан шүү дээ.
-Насанд хүрэгчдийн УАШТ-д 48 кг-ын жинд түрүүлж, Энэтхэгийг зорих эрх авсан. Надтай таарсан тамирчид ДАШТ-д 48 кг-д тулалдана гэж огт тооцоолоогүй. Тэд 50 кг-д өрсөлдөнө гэж бодсон байх. Сугалаанд нэр нь байхгүй хэрнээ тэмцээнд оролцохоор ирснийг хараад гайхаж байв. Өмнөх жингийнхээ заримтай нь цөөнгүй тоглосон тул зүс танина. Тэмцээний үед таарвал мэндлээд, нэгэндээ амжилт хүсдэг. Би Энэтхэг, Хятад, Германы тамирчинтай олон удаа таарсан. Намайг шинэ жинд тоглох болсныг мэдсэн тэд “Чи мундаг шүү, амжилт хүсье” гэж урам хайрлаж байлаа. Бид цахимаар харилцаж, хааяа мэдээлэл солилцдог юм. Миний хувьд гадаадын тамирчдаар нэг их бахархдаггүй. Монголын боксчид тэднээс дутахгүй ур чадвартай. Хэн нэгнийг өөрөөсөө илүү үнэлдэг бол амжилт гаргахгүй шүү дээ. Миний гол зорилго бол ДАШТ-ээс медаль хүртэх байв. Өөрт минь “Энэ удаа медаль авахгүй бол боксоор хичээллэсэн гэж олонд хэлэгдэхгүй” гэх бодол төрсөн юм. Өнгөрсөн жил нутагтаа очиж, эмээгээ эргэхдээ сүүлийн удаа уулзаж байгаагаа мэдээгүй. Жиндээ баймгүй хүч, бяр гаргаж тулалдахад эмээ минь тэнгэрээс харж ивээсэн гэж боддог.
-Тэмцээний үед олны итгэл, найдвар тээж, дэвжээнд гарах хүнд ачаа мэт бодогддог уу?
-Үзэгчид тамирчдыг айдасгүй гэж боддог. Үнэндээ бол зүрх хүчтэй цохилж, биеэсээ орж, гарч буй мэт мэдрэмж төрнө. Тэр мэдрэмжийг алдвал ялалт хэзээ ч ирэхгүй. Дэвжээнд багшийн зөвлөснөөс гадна өөртэйгөө их ярилцдаг. Дотоод сэтгэлийнхээ үгийг сонсож, ухаан гаргаж тулалдана. Хамаг анхаарлаа тоглолтдоо төвлөрүүлэхэд олны дуу чимээ огт сонсогддоггүй. Би 2016 онд бэртчихээд спортод үлдэх үү, болих уу гэж их бодсон. М.Нандинцэцэг эгч 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнийхээ дараа “Хүн хөдөлмөрлөж байж амжилтад хүрдэг юм. Өөрийгөө зөв олж, ямар хүн бэ гэдгээ дотроо бод. Багш нарт найдах бус, өөрөө хичээ. Удирдах зөвлөл, дарга нарт өөрийгөө битгий барьж өг. Чи дэвжээнд гарах болохоос биш, тэд тулалдахгүй. Тулааны үед тархиа ажиллуулж, өөрийгөө бүх зүйлээс тусгаарлах хэрэгтэй. Чамд таагүй ханддаг хүнийг тэр чигт нь орхи. Тэгсэн цагт амжилт ирнэ. Дэвжээнд гаргах энергиэ бусдад бүү зарцуул. Бэлтгэлээ хийчихээд юу ч бодохгүй амар. Өөрийнхөө хийдэг хэдэн цохилтоо сайн давт. Чамд хэзээ нэгэн цагт хэрэг болно” гэсэн нь нэгийг бодогдуулсан шүү.
-Надад бол боксын тулаан дэвжээнд шатар тоглож байгаагаас ялгаагүй санагддаг юм.
-Тийм шүү. Миний хувьд сэргэлэн, зальтай тулалддаг. Өрсөлдөгчөө шатааж тоглох миний гол тактикийн нэг. Хожихын тулд түүнээс илүү ухаан гаргах хэрэгтэй. Боксоо орхимоор санагдсан үе надад олон бий. Тэр үед хоолоо олж иддэг спортоо орхиод яаж амьдрах вэ, хаана ч очсон хүн чанараа алдахгүй явах сан гэж боддог байлаа. Дээд сургууль төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй намайг зорилго минь дэвжээнд үлдээсэн юм шүү. Унаж, бүдрэхэд найз минь орхиогүй. Дэргэд дэм болж ирсэн найзынхаа ачаар хөл дээрээ боссон удаа цөөнгүй. Эмээгийн минь хүмүүжүүлсэн ухаан, амжилтад хүрэхээр тэмүүлэхэд тусалсан сайхан сэтгэл нь намайг дэлхийн медалиас атгууллаа. Би өвөөгийндөө өссөн юм. Тэд хүүхэд байхаас минь бие дааж сурах хэрэгтэйг ойлгуулсан. Тиймдээ ч зургаан настайдаа гурил зуурч, ногоо хэрчиж, хоол хийж, гэрээ цэвэрлэж сурсан. Заасан бүхэн нь амьдралд хэрэг болдог.
-Дорнод аймгаас төрсөн дэлхийн хоёр медальтны нэг нь та. Багш, нутгийнхан тань таны амжилтаар бахархдаг байх.
-Намайг боксын спорттой анх нөхөрлөхөд Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбат багш “Олон бэрхшээл туулж дэлхийн медальтан болно. Түүнд хүртлээ битгий шантраарай. Хүн халшираад л спортоос холддог юм. Чи хэзээ ч орхиж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэрбээр Д.Отгондалай ахыг “Рио 2016” олимпын наадмаас медальтай ирсний дараа Гавьяат тамирчин цолны тэмдгийг нь надад нэг өдөр зүүлгэж билээ. Багш хүн шавиа ямар хүн болж, амжилт гаргахыг нүднээс нь олж хардгийг тэр үед мэдсэн. Бэлтгэл хийж байхыг минь хараад “Миний шавь Гавьяат тамирчин болно” гэж урам өгнө. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр түүний шавь. Тэрбээр 2016 онд багштай холбогдож “Таны шавийг “Аврагч” биеийн тамир, техник спортын хороонд тамирчнаар авъя” гэхэд “Чи охинд минь цалинг нь эхлээд өг. Тэгээд тамирчнаар аваарай” гээд хэлэв. Тэгсэн удалгүй миний дансанд 250 мянган төгрөг ороод ирлээ. Тэр үед их мөнгө шүү дээ. Өвгөн багш “Цалин чинь орсон бол чанартай хоол, хүнс сайн идэж байгаарай. Тамирчин хүн өлсөж болохгүй” гэж зөвлөөд Б.Эрдэнэбаяр багшид “Шавиа чам руу явуулна. Маргааш УАШТ-д өөрийнхөө нэр дээр оролцуулаарай” гэж билээ. Хоёр багш минь одоо ч надтай холбоотой байж, зөвлөдөг. Намайг 2017 онд шигшээ багт тамирчнаар авахад багш “Миний шавь сайн тамирчин. Та нар ямар хүн болгохоо шийднэ биз. Дорнод аймагт хааяа ирж, бэлтгэл хийх эрхтэй шүү” гээд хатуухан хэлж байлаа.
-Таныг шатар сайн тоглодог гэж сонссон. Хэнээр заалгав?
-Өвөөгөө үеийнхээ ахмадуудтай шатар тоглохыг харсаар байгаад сурсан. 2010 онд “Цодгор хүү” тэмцээнд оролцохоор болсноо аавд хэлтэл “Чи шатрын ганц ч нүүдэл мэдэхгүй байж тэмцээнд яаж оролцох юм” гэлээ. Тэгэхээр нь “Танд хожигдвол оролцохгүй, хожвол оролцоно” гээд тоглов. Аавыг хожтол баярлаад уйлчихлаа. Ээж хараад “Аавын нүүдэл байна шүү дээ” гээд их гайхсан. Шатрын тэмцээнд оролцож, өвөөгийнхөө нүүдлээр шавийг нь хожиход “Чи хэний охин бэ” гээд асуухад нь “Лутсайханы Алтанцэцэг” гэлээ. Тэгсэн “Тийм байх аа. Тун танил нүүдэл харагдсан юм” гээд толгой сэгсэрч байв. Хүрэл медаль хүртчихээд орой гэр лүүгээ харьж явтал хоёр охин, хэдэн хөвгүүнтэй хамраасаа цус гартал зодолдохыг хараад боксоор хичээллэх хүсэл төрж, маргааш нь бүртгүүлсэн. Долоо хоногийн дараа бэлтгэл хийхээр ирэхдээ Ё.Төмөрбат багшийн заасан бүхнийг нэг өдөр сурахад “Чамд боскоор хичээллэх төрөлхийн авьяас байна” гэж урам өгсөн. Тэр үед би өөрийгөө болон гэрийнхнээ бусдад дээрэлхүүлэхгүй хамгаална гэж боддог байв. Хэдэн сар бэлтгэл хийж, тэмцээн үзтэл бокс зодоон биш, дэвжээн дээрх бүжиг шиг санагдажбилээ. Түүнээс хойш тууштай хичээллэхээр шийдсэн шүү.
-Охиноо бокстой нөхөрлөхөд аав, ээж тань хэрхэн хүлээж авсан бол?
-Ээж, эмээ эхэндээ дуртай байгаагүй. Тэднийг гадуур гарсан, эсвэл ажилдаа явсан хойгуур бэлтгэл хийхээр заал руу гүйчихнэ. Ирэхээс нь өмнө гэрийнхээ бүх ажлыг амжуулчихаад бэлтгэлийн хувцсаа угаана. Ээжийнхээ дүүд “Та намайг гэртээ долоо хоног байлгая гэж аав, ээжид хэлээрэй. Тэмцээнд оролцох гэсэн юм. Багш намайг аварга болбол замын зардал авахгүй гэсэн. Хэрвээ шагнуулбал багшдаа мөнгийг нь эргүүлээд өгнө” гэхэд зөвшөөрөв. Би ах, дүүтэй. Айлын ганц охин гэхэд эрх өсөөгүй. Хамаатан садны ах, дүүст охин хүүхэд тогтдоггүй байсан тул намайг боксоор хичээллэвэл бэртэнэ гээд зөвшөөрдөггүй байлаа. Тэгтэл манайхан намайг тэмцээнд оролцохыг зурагтаар хараад бөөн юм болсон. Эмээ “Охин тань хаана явна вэ, чи тэмцээнд оролц гэсэн үү. Ачийг минь бэрттэл зодуулах дутаа юу” гээд аавыгзад зэмлэсэн гэдэг. Залуучуудын гурав дахь удаагийн УАШТ-д оролцох үед гэрийнхэн “Чамайг хорьж дийлэхгүй нь. Энэ спортоороо тууштай хичээллээрэй” гэж зөвшөөрсөн. Нэг өдөр бэлтгэл хийж байгаад хавиргаа хугалчихлаа. Санаатайгаар гэмтээгээгүй болохоор дуугүй л тэвчээд байв. Тэгсэн эмээ, ээж хоёр боксын клубийн багш, хамт бэлтгэл хийсэн хөвгүүнтэй уулзахаар явлаа. Би сандарч нөгөө хүүхэд рүү “Манайхан чамтай уулзана гэсэн. Чи бэлтгэлдээ битгий очоорой” гээд утсаар түрүүлж дуулгасан. Энэ мэтчилэн хөгжилтэй дурсамж их бий.
-Анхны тэмцээний медалиас хойш шагналын буухиа тасраагүй биз?
-Миний хувьд залуучуудын УАШТ-ээс гурван алтан медаль хүртэж, насанд хүрэгчдийнхэд долоон удаа аварга болсон. Боксын шигшээ багийн ах, эгч нартай ӨМӨЗО-ы Хөх хотод болсон тэмцээнд хамт оролцлоо. Миний хувьд насанд хүрэгчдийн ангилалд анх өрсөлдсөн үе. Ах нар дэвжээнд өрсөлдөгчөө ялж, унагаагаад байхад шүүгч ялалтыг нь өгөхгүй байлаа. Тэд сүүлдээ “Одоо больё, хожил өгөхгүй юм байна” гэв. Тэгтэл би эмэгтэйчүүдээс өмнөд хөршийн Азийн наадмын аваргатай хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. Тэрбээр биерхүү тул хүч, бяр ихтэй. Тэмцээнд жин хасаж оролцдог нь анзаарагдсан юм. Түүний нэг цохилтод миний зүүн нүд хөхөрчихөв. Багшдаа “Аймаар хүчтэй юм байна, яах вэ” гэхэд “Чи тэгээд хүчтэй хүнтэй яагаад тулалдаад байгаа юм” гэж байна. Тэгсэн Д.Отгондалай ах “Алтаа, чи юутай зодолдоод байгаа юм бэ. Өөрийнхөө зайнд орж тоглооч” гэж хашхирах нь сонсогдов. Би тэр үед түүнийг сул цохих ёстой байтал биеэ чангалж цохих гээд байлаа. Нүдээ аньж байгаад баруун гараараа цохитол онолоо, буцаагаад зүүн гараараа цохих гэтэл нөгөө тамирчин уначихсан. Медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд түүнийг 5:0-ээр хожиж, багийнхнаасаа ганцаараа хүрэл медальтай ирсэн. Манайхан баяр хүргээд “Алтанцэцэг өөрийнхөө хүчээр медаль хүртлээ” гэж билээ. Миний хувьд өрсөлдөгчийнхөө хүчийг өөрийнх нь эсрэг ашиглаж тоглосон. Түүнээс хойших тэмцээнд ийм тактикаар тулалдах болсон доо.
-Дэвжээнд тоглохоор гарахдаа юуг хамгийн их мэдэрдэг вэ?
-Шүүгчдийн харцаас “Энэ бяргүй байх” гэсэн бодол анзаарагддаг. Харин учраа таарсан тамирчид тоглосныхоо дараа толгой сэгсэрч харагддаг юм. Энэтхэгт болсон эхний ДАШТ-ээс би медаль хүртээгүй. Дараа нь зохион байгуулсан олон улсын тэмцээнээс хүрэл медальтай ирсэн. Тус улсыг гурав дахь удаагаа зорьж, ДАШТ-ээс мөнгөн медаль гардлаа. Монголын тамирчдад Энэтхэгийн дэвжээ ээлтэй санагддаг. М.Нандинцэцэг эгч тэнд болсон ДАШТ-д гурав дахь удаагаа оролцож, хүрэл медаль зүүсэн. Тэрбээр “Эгч нь энэ удаа оролцоод 50 кг-ын жинг чамд тавьж өгч байгаа шүү. Энэ жинд эзэн болоорой. Чамайг ялах тамирчин Монголд одоогоор байхгүй” гэж билээ. Би тэр жил түүнтэй хамт ДАШТ-д оролцсон ч медаль хүртэх үед нь баяр хүргэж амжаагүй. Миний хувьд жин хасаад хөл дээрээ ч явж чадахааргүй ядарсан байв. Гавьяат цолны найраа тэмдэглэхэд нь сэтгэлийнхээ үгийг хэлж, баяр хүргэсэн.
-Энэ удаагийн ДАШТ-ий шүүлт шударга, зөв болсон гэж бодож байна уу?
-Шударга болсон. Таван шүүгчээс гадна хяналтын хоёр шүүгч ажилласан. Алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай тулалдахыг хараад хүмүүс намайг ханачихсан гэж бодсон байх. Үнэнийг өгүүлэхэд өөрт байгаа бүх хүчээ шавхаж гаргасан. Биднээс үзэгчдийг огшоосон, суудлаас нь өндөлзүүлсэн гоё тулаан гараагүй. Тэрбээр тулалдах гэхээр зуурч аваад байв. Намайг холын зайнаас тоглодгийг багагүй судалсан тул ойроос тулалдсан. Бидний хэн хэн нь 48 кг-д анх удаа тоглосон. Миний хувьд аваргын төлөө түүнтэй бус, өөр тамирчинтай таарах болов уу гэж тооцоолсон ч оролцоогүй.
-Энэтхэгийн дэвжээнд БНХАУ-ын тамирчныг буулгаж авсан тань сэтгэлд тод үлджээ.
-Хятадын тамирчинтай тулалдахаар гарахад багш нар сэтгэлээр унасан, түгшсэн харагдав. Гайхаад асуутал холимог тулаан, кик боксоор хичээллэдэг тамирчин байлаа. Намайг түүнтэй тоглоход хурд, хүчийг нь гүйцэхгүй яана даа гэж бодсон шиг байгаа юм. Шигшээ багийг ахалж явсан Ж.Еркин багш “Чамд тулалдах бүх ур чадвар бий. Тиймээс маргааш өөрийнхөө мэдрэмжээр тогло. Харин тэр үедээ ялна гэсэн өндөр итгэлтэй байгаарай” гэв. Дэвжээнд түүнтэй тулалдах явцдаа тоглох арга барилыг нь мэдсэн. Хөлийнх нь хурд гүйцэгдэхгүй, туулай шиг дэгдээд байлаа. Яг тэр үед надад “Одоо л түүнийг хожихгүй бол хэзээ ч ялахгүй” гэх бодол төрсөн. Тэрбээр өмнөх тэмцээнүүдэд жингийнхээ тамирчдыг ялж байсан болохоор өөртөө их итгэлтэй тоглосон юм. Надад хожигдчихоод тэр их эрч хүч нь хаачихав гэмээр толгойгоо гудайлгаад дэвжээнээс буусан.
-Узбекистаны тамирчин Ф.Фозиловатай хүрэл, Мароккогийн Моуттаки Ясминтай мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаан танд ямар бодол төрүүлсэн бэ?
-Сүүлийн 15 секундэд надад түүнийг ялсан мэдрэмж төрсөн. Хүрэл медалийн болзол хангахад манайхан огшиж, багш нар баярын нулимстай угтсан. Тэр үед би ч бас догдлоод дэвжээнд “Баярлалаа эмээ” гэж шивнээд уйлж байлаа. Дараа нь мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчин Моуттаки Ясминтай тулалдахад Ж.Энхтөр багш “Хөөе Алтаа” гэж дуудахаар нь эргээд хартал “Ингээд цохиоч. Задгай тавиад шилд” гэв. “За ойлголоо” гээд урагшаа хартал өрсөлдөгч маань намайг цохилоо. Тэр үед тоолчихож магадгүй гэж бодоод давхар займарч гарахад тоолсонгүй. Түүнийг5:0-ээр ялсны дараа багш “Чи их сэргэлэн шүү” гэхэд нь “Та араас дуудаагүй бол түүнд цохиулахгүй байлаа” гэсэн. Мөнгөн медалийн төлөөх тоглолтод маш их ядарсан тул хамгийн түрүүнд амрах л бодогдож байлаа. Тэр орой миний толгой эргээд нэг л хачин байсан юм. Тэгтэл цонхны хөшиг, зурагт унахад манайхан “Газар хөдлөөд байна” гээд хашхирав. Айсан гэж жигтэйхэн. Тамирчдын зарим нь буудлаас гүйж гараад хол очоод зогсож харагдсан.
-Шигшээгийн тамирчдаас М.Энхжаргал та хоёр олон жил ойр дотно нөхөрлөсөн. Одоо ч нэгнийхээ сэтгэл зүйг харцнаас нь уншдаг болсон байлгүй.
-Бид олон жил ойр дотно нөхөрлөлөө. Гадаадын тэмцээнд оролцох бүртээ нэг өрөөнд байрладаг. Амжилтын төлөө зүтгэсэн бидний тамирчны замнал, туулсан бэрхшээл адилхан. ДАШТ-д оролцохдоо “Зовлонгоос жаргалыг нь ярьж, тэнхээгээ нэмнэ. Таагүй асуудлыг хойш тавиад, энэ удаагийн тэмцээнд дэлхийн медальтан болчихоод хамтдаа инээгээд алхана” гээд ярилцаж байлаа. Тэмцээний дараа хоёулаа тэврэлдээд “Медаль авчихлаа шүү дээ” гэж баярлаад хашхирч билээ.