Ажил эрхэлсэн салбартаа хэдийн амжилт гаргасан ч улс төрд шинэ, нийгэмд төдийлөн танил биш олон эмэгтэй эрчүүд давамгайлсан хатуу ертөнцөд хөл тавьж, төрийн шийдлийг тэнцвэржүүлэхээр хичээж буй. Тэдний нэг болох ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхнасантай ярилцлаа. Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамба гуайн зээ охин тэрбээр 2020 оны сонгуулиар “Зөв хүн-электорат” эвслээс өвөөгийнхөө нутаг Говь-Алтайд нэр дэвшиж байжээ. Тэрбээр 2010 оноос хойш “Тахько” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.
-Намайг Лутаагийн Энхнасан гэдэг. “Лодойдамба” сангийн гүйцэтгэх захирал, Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөл, “Маgic box” төсөл, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүний албатай. Зөвлөлтийн 10 жилийн гуравдугаар сургуулийг төгсөөд, Япон Улсын Сундай коллежийг аялал жуулчлалын мэргэжлээр, Австралийн Монашийн их сургуулийг олон улсын аялал жуулчлалын магистраар төгссөн. 2000 оноос Дэд бүтцийн яам, ЗТАЖЯ, БОАЖЯ-нд аялал жуулчлалын бодлого боловсруулдаг мэргэжилтнээс эхлээд орлогч дарга хүртэл 10 жилийн турш ажилласан. 2010 оноос хойш “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Төрийн албаны үйл ажиллагаа улс төрөөс их хамааралтай, улмаар дарамт, хардлага их болсон. Бас тэр үед аав, ээж минь бурхан болсон учраас төрийн албанаас гарч, аавынхаа бизнесийг үргэлжлүүлэх шаардлага тулгарсан юм. Аав минь компанийнхаа гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байлаа. Эдгээр шалтгаанаар төрийн албанаас гарсан. Манай компани социализмын үед Оёдлын үйлдвэрийн нэгдэл гэдэг нэртэй байгаад 1992 онд хувьчлагдаж, “Тахько” ХК болсон юм. Тухайн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс маань хувьцаа эзэмшигч болсон.
Нийт 600 гаруй хувьцаа эзэмшигчтэй, Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани. Зах зээлийн үед нэг хэсэг оёдлын үйлдвэрийн чиглэлээр АНУ руу хувцсаа экспортолж байлаа. 1997 оноос энэ үйл ажиллагаагаа больж, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлсэн. 2004 оноос “Мобиком” корпорацтай хамтраад “Тэди” төвийг байгуулж, үл хөдлөхийн түрээсийн үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор “Мобиком”, “Скайтел”, “Ньюком проперти” компанид үл хөдлөхөө түрээслүүлдэг.
-Ч.Лодойдамба өвөөгөө хэр сайн мэдэх вэ?
-Манай хоёр өвөө намайг төрсөн жил бурхан болсон л доо. Гэхдээ би хоёр эмээгийн хүүхэд. Миний эмээ ардын жүжигчин Чимидийн Долгорсүрэн гэж хүн байлаа. “Цогт тайж”-ийн Хулан болон “Үер”, “Өнөр бүл”, “Ганган хар” зэрэг 20 гаруй кинонд тоглож, дүр бүтээсэн. Тиймээс бага нас минь урлагийнхны дунд өнгөрсөн гэж хэлж болно. Эмээ минь эрт ганцаар үлдэж, дөрвөн хүүхдээ өсгөхийн хажуугаар жүжигчний ажлаа амжилттай хийж явсан. Өвөөгөөс хойш үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх гэж урлагийн их ажлын хажуугаар ёстой л гэрт орж эм, гадаа гарч эр болон зүтгэсэн дайчин, сэтгэлийн тэнхээтэй хүн байсан. Маш өөдрөг үзэлтэй, ямар ч хэцүү зүйл болсон “Сайхаан, сайхан” гэж хэлдэг байлаа. Энэ нь миний амьдралд их хэрэг болдог, ямар ч саад бэрхшээл тулгарсан “Маргааш илүү сайхан болно, сайхаан сайхан” гэж боддог. Эмээ минь их тэвчээртэй, эршүүд хүн байсан. Ээж минь ч адил. Тиймээс тэднээсээ тэвчээртэй, хөдөлмөрч байх чанарыг өвлөсөн гэж боддог. Аав минь оёдлын үйлдвэрт загвар зохион бүтээгчээс инженер, ахлах инженер, гүйцэтгэх захирал хүртэл ажилласан Лутаа гэдэг хүн байлаа. Авга өвөө минь Халх гол, Чөлөөлөх дайн болон Байтаг богдын тулаанд оролцож явсан, Дорнод аймгийн гаралтай, Монгол Улсын хурандаа генерал С.Равдан гэдэг хүн байсан, анхны генералуудын нэг лдээ. Ээжийг минь Насанбуян гэдэг, насаараа худалдааны салбарт ажилласан. Би ээж ааваасаа хоёулаа, нэг дүүтэй.
-Та улс төрд хэзээ оров, яагаад ХҮН намыг сонгосон юм бэ?
-Японд төгсөгчдийн“Жүгамо” нийгэмлэг гэж байдаг. 2020 онд манай энэ нийгэмлэгийнхэн улс төр болохгүй, бодлого буруу байна, шүүмжлэхээс өөрөөр оролцоотой байя гэж ярилцсанюм. 20 орчим хүн ингэж шийдээд, 2020 оны сонгуульд оролцохоор болсон. Гэвч цагаа тулахад олонх нь зориглоогүй, цөөхөн тооны хүн л сонгуульд нэр дэвшсэн. Миний хувьд 2020 оны тавдугаар сард шийдвэрээ гаргаад, “Зөв хүн-электорат” эвслээс Говь-Алтай аймагт нэр дэвшсэн. Ингэж л анх улс төрд хөл тавьсан. Өвөөгийн маань мэндэлсний 100 жилийн ой 2017 онд тохиож, хамаатан ах, дүүгээрээ ярилцаад, “Лодойдамба сан” байгуулсан. Тухайн үед өвөөгийн минь мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гарсан байв. Манай ээж том охин нь юм.
Уг сангийн захирлаар намайг томилсон учраас ой тэмдэглэх ажлыг гардан зохион байгуулсан. Улмаар Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлд элсэж, сангийнхаа шугамаар багагүй ажил хийсэн. Алтай хотын олон нийтийн төв номын санд өвөөгийнхөө нэрэмжит танхим байгуулж, хүүхдэд ээлтэй модон тавилгаар тохижуулан, номын фонд бүрдүүлсэн. Тайшир сумын сургуулийн хүүхдийн бие засах өрөөг боловсронгуй болгож, нутгийн зөвлөлийнхөн ч энэ саналыг дэмжээд хэд хэдэн сумд уг ажлыг үргэлжлүүлсэн. Мөн манай сангаас Алтай хотод хамтын оффис, кофе шоп, Баян-Уул сумд фитнес клуб байгуулсан. Сүүлд “Ид шидийн орон”-той хамтраад Чингэлтэй дүүрэгт контейнерийг номын сан болгож тохижуулах “Маgic box” төсөл хэрэгжүүллээ. Говь-Алтай аймгийн Тонхил, Увсын Өндөрхангай сум болон Баянзүрх дүүргийнIV хороонд “Маgic box” ажиллаж байна.
Говь-Алтай аймаг бусадтайгаа харьцуулахад хөгжил сул, 30 жилийн турш МАН сонгуульд ялсан газар, маш их улстөрждөг. Тэр үед аймагт эмэгтэй хүмүүстэй холбоотой гурван ч ноцтой гэмт хэрэг гарсан. Тиймээс эмэгтэйчүүд маш их бухимдалтай байлаа. Тэнд эмэгтэйчүүд ер нь нэр дэвшдэггүй. Энэ бүхнийг бодолцоод өвөөгийнхөө нутагт нэр дэвшиж, эмэгтэйчүүддээ урам зориг өгье, эрхийг нь хамгаалъя гэж шийдсэн юм. Нэг эмэгтэй надад “Манай аймаг аав нь архинд орж, ээждээ орхигдсон, өнчин хүүхэд шиг л байдаг” гэж хэлсэн нь зүрхэнд хүрсэн. Шилдэг зохиолчид, гавьяатууд энэ аймгаас төрсөн, оюуны потенциалтай газар хэмээн бахархдаг атал хөгжихгүй байгаа нь улс төр, намчирхлаас болдог гэж боддог.
-Бараг эмэгтэй хүн өрсөлддөггүй, нэг л нам ялдаг, хөгжил буурай тойрогт зориг гарган өрсөлджээ. Ялгаварлал, дарамт хэр зэрэг мэдэрсэн бол. Хүйсээр ялгах сэтгэлгээнээсээ манай улс бүрэн салж чадаагүй байна шүүдээ.
-Цаг тулж шийдвэрээ гаргаад явсан болохоор бусад нэр дэвшигчтэй харьцуулахад төдийлөн танигдаагүй байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч эрчүүдийг түлхүү гаргадаг, тиймээс тэд илүү танигддаг. Сонгуулийн сурталчилгааны 21 хоногт өөрийгөө таниулах амаргүй байсан. Манай тойрог 45 мянга гаруй сонгогчтой. Бүгдэд нь хүрэхийн тулд өдөрт гурван сумд ажилласан нь сорилт болсон. 14 хоног бүх сум, багаар тойроод, нэг долоо хоног Алтай хотдоо ажилласан. Сонгуулийн гол зардал маркетинг, сурталчилгаанд зарцуулагддаг юм билээ. Сурталчилгааны материал, зураг авалт, шторк зэргээ онлайнаар нэлээд цацсан. Ковидын үе ч байлаа. Тиймээс маркетингийн компанийнхаа зөвлөсний дагуу тойргийнхоо өрхийн тоогоор сонин хэвлүүлж, зурагт хуудас бэлдсэн, “Удам” гэдэг нэвтрүүлэг ч хийлгэсэн. Очсон газраасаа лайв хийнэ, цахим хуудсандаа зургуудаа оруулна гэж тооцсон ч бодит байдал дээр интернэтийн сүлжээгүй, зарим газар цахилгаангүй байсан. Малчид дунд бичиг үсэг тайлагдаагүй хүн олон тааралдсан. Тэгэхээр орчноо сайн судалж, анхаарах хэрэгтэй юм билээ. Мөн манай маркетингийн багийнхан “Та хөдөө ажиллах гэж байгаа учир хослолтой явах хэрэггүй, хүмүүс хүлээж авахгүй. Дээлээ өмс, нүүрээ сайн буд.
Монголчууд, ялангуяа орон нутагт эмэгтэй улс төрчдийн гадаад төрхийг их хардаг, шүүмжилдэг” гэсэн зөвлөгөө өгч байсан. Урт дээлтэй ажиллах амаргүй учраас үндэсний загвартай цамц өмсөөд явлаа. Сурталчилгааны хуудас дээрх зургаа их будаж, хиймэл сормуус зүүгээд, байгаа төрхөөсөө илүү өөр болж авхуулсан. Дотроо бол би үүнтэй зөрчилтэй байсан л даа. Үүнтэй холбоотой нэг хөгжилтэй явдал болсон. Сумдаар ажиллахад яаж зурагт хуудас дээрх шигээ гоё будаж чадах вэ дээ. Цээл сумд уул уурхайн компанид уулзалт хийхэд залуус миний сурталчилгааны материал дээрх зургийг заагаад “Энэ та мөн юм уу” гэж асуусан. Тэр үед их санаа зовсон. Нээрээ л зураг, миний бодит төрх хоёр зөрүүтэй байлаа. Тиймээс “Дахин сонгуульд нэр дэвшвэл үүн дээр анхааръя, өөрөөрөө байя” гэж шийдсэн. Яагаад бүсгүйчүүдийн өмссөн хувцас, үс гэзгийг харж шүүмжилдэг юм. Уг нь тэр эмэгтэй ямар боловсрол, үзэл бодолтой, улс төрд ороод юу хийх гээд байна вэ гэдгийг л анхаарах ёстой шүү дээ. Үүнээс гадна уулзалт хийх гэхээр соёлын төвөө түгжээд явчихдаг, сурталчилгааныхаа хаалтын арга хэмжээг зохион байгуулж байхад цахилгаан таслах, эсвэл аль нэг нам нь цаг давхцуулан хурал, арга хэмжээ зарлах зэрэг асуудал гарсан. Тухайн сум дахь намын хороод л иймэрхүү юм хийсэн болов уу гэж бодсон. Түүнээс манай тойрогт нийт 10 хүн нэр дэвшсэн, бүгд л Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлд байдаг, танил учраас ёс зүйгүй үйлдэл гараагүй.
-Та уг сонгуулиар хэдэн хувийн санал авч чадсан бэ. АН-аас бас эмэгтэй хүн тэнд нэр дэвшсэн байх аа.
-Би туршлагагүйтээд нэр дэвшинэ гэдгээ арай эрт зарлачихсан юм билээ. Эмэгтэйчүүд зориглож нэр дэвшдэггүй газар өрсөлдөхөө зарласан нь бусад намынханд урам өгсөн болов уу. Намууд тэнд эмэгтэйчүүд нэр дэвшвэл ялах магадлал өндөр гэж бодсон байхыг үгүйсгэхгүй. Би бага ч гэсэн ч амлахааргүй хувийн санал авсан. Үүнийгээ чамгүй амжилт гэж хэлнэ. Надад урам зориг өгч, хүмүүс өөрчлөлтийг хүсэж байна гэдгийг мэдрүүлсэн. Залуус ялангуяа их дэмжсэн. Хоёр намаас хүмүүс залхсан, өөрчлөлт хүсэж буй нь мэдрэгдсэн л дээ. Нийгмийн энэ хэсэг өнгөрсөн гурван жилд бүр олон болж, нэмэгдэж байна. Өөрчлөлтийг хүсэж, нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлдэг залуус сонгох эрхээ идэвхтэй эдлээсэй. Энэ бол улс орноо өөрчилж чадах, иргэн бүрт оногдсон боломж юм шүү дээ. Нөгөө талаар бид сонгогчдын боловсролд их анхаарах хэрэгтэй байна. Зөв хүнээ сонгосноор бидний амьдрал яаж өөрчлөгдөх вэ гэдгийг ойлгуулах учиртай. Тийм биш учраас хэдэн төгрөг, гурил, будааны мөнгөөр, зөвхөн өнөөдрөө бодон хууртсан сонголт хийгээд байна. Мөн сонгуульд оролцож санал өгөөгүй байж гараад ирсэн хүмүүсийг шүүмжлэх нь утгагүй юм. Улстөрч хүн ямар байх ёстой вэ гэсэн судалгааны дүнг харахад шударга, тэмцэгч, зоригтой байх ёстой гэж хэлдэг юм билээ. Гэтэл олонх хүний бодлоор энэ нь эрчүүдэд илүү байдаг чанар. Сонгогчид улстөрчийг эр хүний дүрээр л хардаг гэсэн үг. Тэмцэгч, зоригтой гэдэг үгийг зөвхөн гудамжинд жагсаал хийх байдлаар ойлгоод байх шиг. Бизнесийн салбарт олон эрэгтэй хүнтэй тэмцэн ажиллаж байна. Говь-Алтайд ч бас хүчирхийллийн эсрэг тэмцэх гэж нэр дэвшсэн. Энэ мэт үйлдлээр тэмцэгч, зоригтой гэдгээ харуулж байгаа олон эмэгтэй бий. Уг нь би эмэгтэй гэж онцолж ярьдаг хүн биш. Сүүлийн5-6 жил морь уяж байна. Өнгөрсөн жил уясан даага маань баян ходоод болж, анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэндээ уяачийн хувиар орж үзлээ.
-Эмэгтэй хүн улс төрд орохын тулд гэр бүл, ойр дотнынхны дэмжлэг авах нь эхний алхам болдог. Таны хувьд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ. Бас улс төрч эмэгтэй хүн гэр бүлээ хоёрт тавихад хүрдэг гэдэг ойлголт бий.
-50:50 хувьтай байсан. Авга, нагац ах эгч нар дэмжсэн. Харин найзууд “Яагаад улс төрд орж байгаа юм бэ. Тийм шаардлага байгаа юм уу, бизнесээ хийгээд явсан нь дээр биш үү” гэх хандлагатай байсан. Илт дэмжээгүй ч эрс эсэргүүцээгүй. Сонгуульд оролцоод үзсэний дараа тэдний хандлага өөрчлөгдөж, дэмжиж эхэлсэн. Ойр дотнын хэсэг хүнийхээ хэвшмэл сэтгэлгээг өөрчилнө гэдэг бол дэвшил. Эмэгтэйчүүд улс төрд орохын тулд ойр дотнын багадаа долоон хүнээс дэмжлэг авах хэрэгтэй байдаг гэсэн судалгаа уншсан. Сүүлд бодоход нээрээ энэ тооны хүнээс дэмжлэг авсан юм билээ. Эрчүүд чадахгүй байсан ч өөртөө итгэх итгэл их. Эмэгтэйчүүд бол чадварлаг хэдий ч итгэл муу байдаг. Араа их бодож, тооцоолж байж шийдвэр гаргадаг нь улс төр дэх оролцоо бага байдгийн нэг шалтгаан болдог.
Би бага насны нэг хүүхэдтэй, ганц бие ээж. Аав, ээж, өвөө, эмээ минь надад “Боловсролтой бол, хөдөлмөрлөж байж хүн амжилтад хүрдэг” гэж сургадаг байлаа. Тиймээс залуу насаа сурах, ажиллахад зориулсан. Хүн амьдралд ямар ч шалтгаанаар ганц бие ээж, аав болсон байж болно. Олон жил ганц бие явсан. Тэгэхээр “Чамд татлаа түтлээ байх биш” гээд л ажлаар их дардаг байлаа. Хагас, бүтэн сайнд ч амрахгүй, өдөр бүр 21.00 цагт л тардаг, ээлжийн амралт ч авч мэдэхгүй явсан. Ийм завгүй учраас хувийн амьдралдаа зарцуулах цаг ч байсангүй. Ер нь өрх толгойлсон аав, ээж олон болжээ. Улс төрд орж буй эмэгтэйчүүд дотор ч ганц бие ээж олон байдаг юм билээ. Ийм байдлыг нь нийгмээрээ шүүдэг учраас энэ нь улс төрд орохоос хойш суух нэг гол шалтгаан болдог. Говь-Алтайд нэр дэвшихэд ч “Нөхөр нь хаана байна” гэх мэт хандлага гарч л байсан. Би үнэндээ нуудаггүй, үүндээ санаа зовдоггүй. Өрх толгойлсон аав, ээжүүдийг УИХ-д төлөөлөн ажиллаж, энэ бүлгийн хүмүүст тулгамдаж буй асуудлыг олон нийтэд ойлгуулах бодол надад бий. Бас хүүхэдтэйгээ аль болох их цагийг хамт өнгөрүүлэхийг хүсдэг. Гэтэл улс төрд ялангуяа эрчүүд “Улстөрч болох гэж байгаа бол гэр бүл, бизнесээ орхиж байж амжилтад хүрнэ” гэдэг. Үүнийг буруу гэж боддог. Шинэ Зеландад парламентын гишүүн эмэгтэй хөхүүл хүүхэдтэйгээ хуралд сууж байдаг шүү дээ. Бизнесийн хэн ч ийм орчин бүрдүүлэх хэрэгтэй. Бид “Мобиком”-той хамтраад үйлчилгээний төвийг тохижуулахдаа хүүхдийн өрөө хийсэн. Манай компанид ч бас хүүхдийн өрөө бий. Ийм байдлаар дэмжиж, орчин бүрдүүлж өгвөл улс төрч эмэгтэй гэр бүлээ ч, бизнесээ ч зэрэг амжуулах боломжтой. Үүнээс болж олон эмэгтэй сонгуульд нэр дэвшихээ хойш тавьдаг. Мөн хэвшмэл ойлголтууд, санхүүгийн асуудал тулгамддаг. Улс төрд орох, сонгуульд нэр дэвшихэд санхүү маш их хэрэгтэй. Тойргийнхоо бүх сумаар ажиллах, багадаа хоёр ухуулагч цалинжуулах, ухуулах байртай байх гээд мөнсурталчилгааныматериалбэлдэх, хэвлүүлэхэд чамгүй их зардал гарсан.
-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлахдаа ухуулагчийн цалинг 50 хувь бууруулсан, хэвлэмэл самбарыг нэг стандартаар, А4 хэмжээгээр нэгдсэн байдлаар тодорхой цэгт байршуулах зэргээр зардал хэмнэх нэлээд зохицуулалт оруулсан.
-ХҮН нам энэ саналыг хуульд тусгахад хувь нэмрээ оруулж ажилласан. Нэр дэвшигчид нэгдсэн стандарт, хэмжээгээр самбар байршуулснаар сонгогчдод ч нэг дор цогц мэдээлэл өгнө. Хуульд оруулсан өөрчлөлтүүд сонгуулийн зардлыг бууруулахад тодорхой ахиц авчрах байх.
-Ирэх сонгуульд ХҮН нам эвсэл байгуулах уу, дангаараа оролцох уу. Эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих бодлого баримталж байгаа вэ?
-ХҮН нам нийт нэр дэвшигчийнхээ 50 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхээр төлөвлөсөн. МАН зүүний бодлоготой учраас халамжид илүү анхаардаг. Харин ХҮН барууны үзэлтэй нам учраас бизнесээ дэмжих, татварын таатай орчин бүрдүүлэхэд анхаарна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн төслийг бид УИХ-д өргөн барьж, ажлаа өргөжүүлэх, үл хөдлөх гэхээс илүү орлогыг нь урьдчилж барьцаалах боломж бүрдүүлэхэд анхаарч байгаа. Хүн амын 51, идэвхтэй сонгогчдын60 хувь нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд цөөн болохоор боловсрол, эрүүл энд зэрэг салбар хаягддаг. Олон улсын жишгийг харахад эрэгтэй улстөрчид илүү богино хугацаанд орлого оруулах уул уурхай, үйлдвэрлэл гэдэг салбараа дэмждэг бол эмэгтэйчүүд боловсрол, эрүүлмэнд зэрэг салбарт урт хугацааны бодлого гаргадаг. Хүйс тэнцүү нөхцөлд хоёр талыг харсан, тогтвортой бодлого баталдаг. Мөн эмэгтэйчүүд давамгайлсан газарт авлига бага байдаг гэсэн судалгаа бий. Эмэгтэйчүүд аливаад урьдчилан сэргийлэх, хүндрэхээс нь өмнө олон талын сонирхлыг тэнцүүлж шийдвэр гаргахад их анхаардаг. Эмэгтэй Ерөнхий сайдтай Герман, Шинэ Зеланд, Скандинавын орнууд цар тахлыг амжилттай давлаа. Дайн тулаан гарч буй газрууд голдуу эрэгтэй удирдагчтай байдаг шүү дээ. Бүсгүйчүүд олон байвал энэ бүхнийг зөөллөдөг гэж үздэг. Иргэд сонголтоо хийхдээ тухайн намын мөрийн хөтөлбөрөөс гадна нэр дэвшиж буй хүний мэдлэг боловсрол, эх орноо гэх сэтгэл, нийгмийн ямар бүлэглэлийг төлөөлж буй зэргийг сайн харж, зөв хүнээ сонгох нь чухал байна.
-Хэрэв ирэх сонгуульд нэр дэвшвэл дахин тойрогт өрсөлдөх үү, жагсаалтад нэрээ оруулах уу?
-Одоохондоо нэр дэвших, эсэх шийдвэрээ гаргаагүй байна. Дахин нэр дэвших бол хотын тойргийг сонгоно гэж бодож байгаа. Би гурван үеэрээ нийслэл хотдоо амьдарч байгаа унаган хотын хүүхэд шүү дээ.