Драмын урлагийн шилдгүүд улаан хивсэн дээр алхлаа. Тэд бүгд шилдэг ч төрөл бүрт нэг нь л “Алтан цом” атгана. Соёлын менежмент хийдгээрээ дэлхийд зартай урлаг судлаач, доктор Леван Кетагури наадмын төгсгөлд драмын жүжгийн шилдэг найруулагчийг зарлахын өмнө “Уран бүтээлчдийг өрсөлдүүлж, шүүн тунгаана гэдэг хэцүү, би дургүй. Гэхдээ шилдэг бүтээл хийхийн төлөөх өрсөлдөөнийг бий болгохын тулд энэ наадам зайлшгүй хэрэгтэй” гэж онцолсон билээ. Соёлын төв өргөөнд болсон драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадам энэ мэтчилэн онцлох, сонирхуулах зүйл ихтэй байлаа. Наадамд Монгол, Румын, Польш, Энэтхэг, Ирланд, Япон, БНСУ, Герман, Итали, Филиппин зэрэг 13 орны театр, продакшны 60 гаруй уран бүтээлийг өрсөлдүүлжээ. Тэднээс хоёрдугаар шатанд зургаан орноос 23 бүтээл нэр дэвшүүлэн өрсөлдсөн юм.
Ингээд шалгаруулалтын төгсгөлд хамгийн отгон “Про” театрын уран бүтээлчид шинэ эрэл хайгуул хийсэн шилдэг жүжиг, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг хөгжмийн зохиол, шилдэг залуу уран бүтээлч гээд “Гэгээн Муза- 17” наадмын сор шагналуудыг “түүж”, гялалзлаа. Тэдний араас Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын зохиолч, жүжигчин Г.Мишээлийн од гийж, “Гэгээн Муза-17”-гоос хоёр алтан цом гардсан. Түүнээс өмнө жүжигчин Б.Эрдэнэцэцэг нэг наадмаас хоёр алтан цом авч байв. Хос цом атгасан хоёр дахь хүн нь Г.Мишээл аж. Түүнчлэн Орхоны Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Б.Эрдэнэхүү энэ удаагийн наадмын хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж, цомын эзэн болсон. Шилдэг тайзны зураач ч мөн Орхоны Хүүхэд, залуучуудын театрынх байв. Тодруулбал, энэ номинацын эзэн нь зураач Б.Сайханбаяр боллоо.
Улсын драмын эрдмийн театрынхан маш том амжилт үзүүлсэн. Тус театрын уран бүтээл "Сычуаны сайн хүн" жүжиг өнөө жил шилдгийн шилдгээр шалгарч Гран при шагнал хүртсэн. Театрынхан баруун аймгуудаар аялан тоглож яваа учраас ихэнх жүжигчин шагналаа гардаж амжаагүй. “Гэгээн Муза” наадмын шүүгчдийн нэрэмжит шагналын эзнээр Т.Хулан, шилдэг залуу уран бүтээлчээр найруулагч Э.Ёндоншарав нэрлэгдсэн билээ. Мөн хүүхдийн жүжгийн төрөлд Д.Асардарь шилдэг эмэгтэй гол дүрийг бүтээжээ. Шилдэг туслах дүрүүдийг Улсын драмын эрдмийн театрынхан “хамсан” гэхэд болно. Шилдэг туслах дүрийн шагналыг Н.Сувд, Б.Шинэбаяр, Г.Отгонцэцэг, Б.Золжаргал нар хүртсэн.
Ид бүтээж, туурвиж буй "Орфей" театр, найруулагч М.Батболдын баг ч хэд хэдэн төрөлд нэр дэвшиж, амжилттай оролцлоо. Тодруулбал, “Бүгд чамд хайртай” жүжгээрээ шилдэг эмэгтэй гол дүрийг О.Энхтуул бүтээжээ. Мөн драмын жүжгийн төрөлд шилдэг тайз засал “Орфей” театрынх байлаа. “Бүгд чамд хайртай” жүжгийн тайзны зураачаар ажилласан О.Баярмагнай энэ шагналын эзэн болсон юм.
Түүнчлэн энэ жилийн наадмаар ганц болон хоёр хүний жүжгийн төрөлд "Bee theatre"-ынхан болон Итали улсын уран бүтээлчид цойллоо.
“Мөрөөдлийн театр”-ынхан “Гэгээн Муза-17” наадмын улаан хивсэн дээгүүр хамгийн түрүүнд алхсан. Тус хамтлагийн уран бүтээлчид Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн бүтээл “Шөнө буусан аадар” жүжгээ энэ удаагийн наадамд “сойжээ”. Үзвэр бүр нь танхим дүүргэж, тасалбар нь талх шиг борлуулагдаж, үзэгчдийн хүсэлтээр дахин дахин тайзнаа тоглож, “Олон зуун хүний тархинд гэрэл асаасан, өнөөгийн нийгмийн үнэн төрхийг илчилсэн, багийг нь хуулсан” хэмээн урлаг судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан “Шөнө буусан аадар” жүжгийн баг энэ удаа гар хоосон буцсан нь харамсалтай санагдав.
Наадмын шүүгчээр “Гэгээн Муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, Г.Равдан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, зохиолч, профессор Х.Наранжаргал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, театр судлаач, профессор Д.Батсайхан, урлаг судлалын шинжлэх ухааны доктор, зураач Ц.Эрдэнэбилэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Д.Мягмарсүрэн, утга зохиол судлаач Х.Чойдогжамц нар ажиллаж, бүтээлүүдийг шүүн тунгаажээ. Мөн зочин шүүгчээр Хонконгийн Урлагийн академийн Драмын урлагийн их сургуулийн ахлах багш Жанис Пуун, Токио хотын “d’UOMO ex machine” театрыг үүсгэн байгуулагч, найруулагч Какүмото Ацүши, Дэлхийн дүрслэх урлагийн академийн ректорын зөвлөх Леван Кетагури нар ажиллажээ.
Энэ жилийн “Гэгээн Муза” наадмын онцлог нь эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан нь байлаа. Хуралд монгол болон дэлхийн шилдэг судлаачид оролцож, урлагт үнэ цэнтэй илтгэл тавьсан билээ.
"Гэгээн Муза-17" наадмын шилдгийн шилгүүдийг танилцуулъя
Нэг хүний жүжгийн төрөлд
-Шилдэг эмэгтэй дүрийг “Галт шувуу” жүжгийн Сарангийн дүрээр МУСТА жүжигчин Б.Одгэрэл Шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртэв.
-Шилдэг эрэгтэй дүрийг Итали Улсын жүжигчин "Илвад үйлдвэрлэв" жүжгийг Монголд толилуулсан Nicola Pianzola шалгарлаа.
-Шилдэг найруулагчаар Итали Улсын найруулагч Anna Dora Dorna "Илвад үйлдвэрлэв" жүжгээрээ шалгарлаа.
-Шилдэг тайзны зураачаар Итали Улсын зураач Anna Dora Dorna мөн шалгарлаа.
Хоёр хүний жүжгийн төрөлд
-Шилдэг эмэгтэй жүжигчнээр "1001 шөнийн үлгэр"-ийн дүрээрээ Румын улсын Ruxandra Ance Balasu шалгарав.
-Шилдэг эрэгтэй жүжигчнээр "Хунгийн дуу"-гийн Светловидовоороо П.Мөнхдэлгэр шалгарч, "Гэгээн муза" гардлаа.
-Шилдэг найруулагчаар мөн "Хунгийн дуу" жүжгийн найруулагч Б.Баттулга шалгарлаа.
Драмын жүжгийн төрөлд
-Шилдгийн шилдэг Гранпри шагналыг УДЭТ-ын “Сычуаны сайн хүн” бүтээлд олголоо.
-Шилдэг залуу уран бүтээлч номинацыг найруулагч Э.Ёндоншарав "Шөнө буусан аадар", "Сычуаны сайн хүн" жүжгээрээ, “Про” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжгийн Баркельфердо-ийн дүрээр О.Итгэл нар хүртлээ.
-Шилдэг хөгжмийн зохиолч төрөлд "Инээмтгий хүн" жүжгийн Дахалэ Жамбалов шалгарав.
-Шилдэг эрэгтэй гол дүр төрөлд "Инээмтгий хүн" жүжгийн Урсусын дүрийг бүтээсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг тодорлоо.
-Шилдэг эмэгтэй гол дүр төрөлд "Бүгд чамд хайртай" жүжгийн Опалын дүрээр О.Энхтуул шалгарлаа.
-Шилдэг эмэгтэй туслах дүр төрөлд "Сычуаны сайн хүн" жүжгийн Ян хатагтайг бүтээсэн Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд хүртэж, "Гэгээн муза" гардлаа.
-Шилдэг эрэгтэй туслах дүр төрөлд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр тодорчээ. Тэрбээр "Сычуаны сайн хүн" жүжгийн Шу Фугийн дүрийг бүтээсэн юм.
-Шилдэг найруулагч төрөлд Про театрын жүжигчин, “Инээмтгий хүн” жүжгийн найруулагч Б.Даваасүрэн тодорч, хамт өрсөлдсөн гурван эрэгтэйгээ ардаа хаялаа.
-“Гэгээн муза” академийн нэрэмжит Шинэ эрэл номинацыг “Про” театрын "Инээмтгий хүн" жүжигт олголоо.
-Шилдэг тайзны зураач төрөлд "Бүгд чамд хайртай" жүжгийн зураач О.Баярмагнай шалгарч, "Гэгээн муза" гардлаа.
-Шүүгчдийн нэрэмжит шагналын эзнээр "Сычуаны сайн хүн" жүжгийн гол дүр Шэн ти-Шуй та-г бүтээсэн Т.Хулан тодорлоо.
- Шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр мөн Өвөрхангай аймгийн ХЖТ-ын бүтээл “Хамгийн том олз” жүжгийн зохиолч Н.Мандал шалгарсан юм.
Хүндэт Муза
-Зохиолч А.Шартолгой
-Өвөрхангай аймгийн ХДТ-ын жүжигчин МУГЖ Д.Ганбаатар
Хүүхдийн жүжгийн төрөлд
-Шилдэг найруулагчаар "Асаж буй толгод" жүжгийн найруулагч Г.Мишээл тодорлоо.
-Шилдэг жүжгийн зохиолчоор "Асаж буй толгод" жүжгийн найруулагч Г.Мишээл тодорч, хоёронтоо тайзнаа гарлаа.
-Шилдэг тайзны зураачаар Б.Сайханбаяр "Асаж буй толгод" жүжгийн тайзаар ялгарч чадлаа.
-Шилдэг эрэгтэй гол дүр Орхон аймгийн театрын жүжигчин Б.Эрдэнэхүү "Асаж буй толгод" жүжгийн Бороогийн дүрээр авлаа.
-Шилдэг эмэгтэй гол дүр "Миний аав супер баатар" жүжгийн Шоргоол хүүгийн дүрээр Д.Асардарь
-Шилдэг эрэгтэй туслах дүр төрөлд "Миний аав супер баатар" жүжигт Өмхий харын дүрийг бүтээсэн Б.Золжаргал тодорлоо.
-Шилдэг эмэгтэй туслах дүр УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг "Миний аав супер баатар" жүжгийн Гэрэлт цохын дүрээрээ авлаа.
-Шилдэг хүүхэд оролцооны бүтээлийн төрөлд Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрын бяцхан уран бүтээлчдийн Тэрх нуурын дэгдээхий жүжгийг онцоллоо.